СҮХБААТАР: Сагсан бөмбөгийн шүүгч, дасгалжуулагчийн хөтөлбөрт бүсийн 45 багшийг хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үндсэн үүргийнхээ дагуу МСБХ-ноос хэрэгжүүлж байгаа COACH CLINIC хөтөлбөрийн зүүн бүсийн сургалт Сүхбаатар аймагт боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн сургалтад 45 багш, 120 тамирчин хамрагдлаа.
COACH CLINIC хөтөлбөрийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, аймгийн сагсан бөмбөгийн холбоо хамтран тус хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлж, зүүн бүсийн биеийн тамирын багш, тамирчдад зориулсан анхан шатны сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн биеийн тамирын багш, спортын мэргэжилтнүүд, сагсан бөмбөгийн тамирчид оролцов.
Орон нутагт биеийн тамирын багш нар л хүүхдүүддээ тухайн спортоо зааж, уралдаан тэмцээнээ зохионо, мөн өөрсдөө шүүдэг. Гэтэл яг дасгалжуулагч болоод шүүгчийн талаар нарийн мэдлэг хомс, учир дутагдалтай байдаг. Үүнээс болж ойлголтын зөрүү, маргаан их гардаг. Тиймээс биеийн тамирын багш гэх мэргэжлээр төгссөн хүмүүсээ түлхүү хамруулж байна. Багш, тамирчдыг сагсан бөмбөгийн үндсэн стандартын дагуу нэг ойлголттой болгох нь сургалтын үндсэн зорилго гэж МСБХ-ны шигшээ багийн албаны дарга М.Отгонбаяр хэллээ.
Ерөнхий боловсролын болон Мэргэжлийн боловсролын сургуулийн биеийн тамирын багш нар энэ төрлийн сургалтад хамрагдах нь цөөн байдаг тул цаг үеэ олсон, маш хэрэгцээт сургалт болсныг хэлж байна.
МСБХ-ны ахлах, туслах дасгалжуулагчид,
Шүүгчдийн зөвлөл, Дасгалжуулагчдын
холбооны төлөөлөл, МУГД О.Баярцогт
нар сургалтыг удирдаж, хөтөлбөрт хамрагдсан багш, тамирчдад сертификат
олгожээ.