ЗАВХАН: Газар хөдлөлтийг хэмжих нэг станц ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-29 12:05:46

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймагт газар хөдлөлтийн чичирхийлэл, тохиолдол сүүлийн 10 жилд зургаа дахин нэмэгджээ.


2014 онд 444 удаагийн газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдэж байсан бол 2024 онд 2628 болж нэмэгджээ.


Завхан аймгийн хувьд газар хөдлөлийн 7-гоос дээш баллын бүсэд аймгийн бүх сум суурьшиж байна. Аймгийн 22 сумын хоёр нь 7 баллын бүсэд, 9 сум нь 8 баллын бүсэд, 10 сум нь 9 баллын бүсэд хамаарагдаж байна.


Тосонцэнгэл суманд газар хөдлөлтийг хэмжих нэг станц ажилладаг ба Улиастай суманд эрсдэл үүссэн нөхцөлд дөрвөн хэсэгт дуут дохионы цамхаг ажилладаг.


Мэргэжлийн байгууллагууд төдийгүй дэлхийн нийтийн жишиг бол гамшгийг тогтоох биш гамшгийн эрсдэлийг бууруулахад гол анхаарлаа төвлөрүүлдэг.


Өөрөөр хэлбэл, газар хөдлөлт хэдэн баллын хүчтэй, хаана болохыг тооцоолохоос илүү газар хөдлөлтийн гамшгийн үед хүний амь аврах, иргэн биеэ хэрхэн хамгаалах зэрэг гамшгаас үүдсэн эрсдэлийг тооцоолдог. Тиймээс газар хөдлөлтийн болзошгүй гамшигт иргэн бүрийг бэлтгэх нь чухал юм.


Энэ жилийн газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр 20 гаруй мянган иргэнд газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах. Бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагааг таниулах сургалт мэдээллийг өгсөн байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Завхан аймгийн хот суурин газруудын газар хөдлөлтийн дэвсгэр балл

Related news