ЗАВХАН: Олон нийтийн цагдааг сум бүрд ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-31 15:54:34

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаанаар олон нийтийн цагдаагийн орон тоог баталжээ.


Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурал 74,2 хувийн ирцтэй өнөөдөр болж байна. Энэ хурлаар гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, олон нийтийн цагдаагийн орон тоонд өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн байна. 


Улиастайд 6, Тосонцэнгэлд 2, бусад 22 суманд тус бүр нэг, аймгийн хэмжээнд нийт 30 олон нийтийн цагдааг ажиллуулахаар ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжин баталлаа.


Олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд оролцох чиг үүрэгтэй. Сайн дурын үндсэн дээр ажиллаж буй 20 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна.


Олон нийтийн цагдаагийн урамшууллыг тухайн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээс олгох хууль эрх зүйн зохицуулалттай юм.


Мөн энэ удаагийн ИТХ-ын хурлаар 2025 онд аймгийн хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоох тухай, эдэлбэр газрын тэг гортиг тогтоох тухай, Арц суурь хилийн боомт орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах.


Мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн батлах тухай, 2024 онд тусгай зориулалтын ангийн дуудлага худалдаанаас орсон орлогыг зарцуулах хуваарийг батлах тухай, 2025 онд ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаар батлах тухай гэхчлэн 11 асуудлыг хэлэлцэн батлах юм. Хуралдаан үргэлжилж байна гэж Завхан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээлэв. 


Завхан аймгийн ИТХ-ын 4-р хуралдаан 2025 оны 3-р сарын 31

Related news