ЗАВХАН: Том малын зүй бус хорогдол өмнөх оныхоос буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-31 16:20:35

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд 2.3 мянган мал зүй бусаар хорогдсон байна.  


Гэнэтийн аюулаар буюу байгалийн аюулт үзэгдэл, өвчнөөр хорогдсон (халдвартай, халдваргүй), зэрлэг амьтдад идүүлсэн, бариулсан. Бусад шалтгаанаар хорогдсон төл малаас бусад малын хорогдлыг том малын зүй бус хорогдол гэнэ.


Аймгийн хэмжээнд 2.3 мянган том мал зүй бусаар хорогдоод байгаа нь өмнөх оны мөн үеэс 51.2 дахин буюу 117.2 мянган толгойгоор буурсан байна. Нийт хорогдолд хээлтэгчийн хорогдол 10.5 хувь, бог малын хорогдол 66.8 хувь, бод малын хорогдол 33.2 хувийг тус тус эзэлж байна.


Оны эхний малд том малын зүй бус хорогдлын эзлэх хувь гэдэг нь зүй бусаар хорогдсон том малын тоог оны эхний малын тоонд харьцуулан 100-аар үржүүлж тооцдог. Бэлэн хээлтэгч гэдэг нь малын төрөл бүр дэх нас гүйцсэн эм малыг хамруулж ойлгоно.


Нийт хорогдлыг сумын дүнгээр авч үзвэл, Тосонцэнгэл сум 596 толгой, Отгон 393 толгой, Их-Уул сум 280 толгой, Тэс сум 257 толгой, Идэр сум 201 толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 73.9 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн зүүн болон хойд бүсийн өвөлжилт хаваржилт хүнд, зудархуу байсан сумдад том малын зүй бус хорогдол их байна гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

 

Related news