СЭЛЭНГЭ: "Нутгийн оюутан" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-18 11:23:09

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Япон Улсын Ниппон сангийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагт зочилж, орон нутагт дутагдалтай байгаа мэргэжилтний талаар аймгийн удирдлагуудтай харилцан мэдээлэл солилцлоо. 

 

Орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлын нэг нь мэргэжлийн боловсон хүчний дутагдал гэдгийг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж энэ үеэр онцоллоо.

 

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгаас 2022 онд 17 оюутан, 2024 онд 10 сурагч шалгарч гадаадын их, дээд сургуульд суралцсан байгаа.

 

2026 онд Сэлэнгэ аймгийн 4 оюутан, 2027 онд 14 оюутан тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр төгсөж ирэх юм.

 

Ниппон сангийн мэргэжилтэн бэлтгэх Оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 12 жилийн турш нийт 5 сая ам.долларын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

 

Сэлэнгэ аймагт тулгамдаж байгаа олон асуудлын нэг нь орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах чадварлаг боловсон хүчин юм.

 

Иймээс "Нутгийн оюутан" хөтөлбөрийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

 

Гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцаж, орон нутагтаа ирж ажиллахад нь нийгмийн асуудлыг давхар  шийдэж өгөх нь тогтвортой, чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн тэрбээр хэллээ.