ДАРХАН-УУЛ: Шүдээ зөв угаах аянд бүх сурагч хамрагдана

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2025-04-18 10:53:54

Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хүн амын дунд амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадал хэвшлийг бий болгох "24/3 шүдээ зөв угаа" аяны нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 17-нд боллоо.


Бүх насны иргэдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд үүгээр дамжуулан “Эрүүл шүд арга хэмжээ”-г эрчимжүүлж байгаа юм.


Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын таван сургуулийн 6-17 насны сурагчдад амны хөндийн үзлэгийг үнэ төлбөргүй хийж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж байна.


Эхний ээлжид Дархан сумын 9, 4, 18, 12 дугаар сургууль, Оюуны ирээдүй сургуулийн сурагчдад шүдээ зөв угаах дадлыг хэвшүүлэх юм.  


Төр, хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн эмч нар амны хөндийн үзлэг хийж, хэрхэн шүдээ зөв угаах талаар зөвлөгөө өгч байна.