ДУНДГОВЬ: Ажил турших хөтөлбөрт 11 иргэнийг сонгон сургалтад хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-04-21 20:22:15
altantogos

Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. ЖАЙКА олон улсын байгууллагаас, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран "Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх” туршилтын төслийг Дундговь аймагт хэрэгжүүлж буй.


Тус төслийн нээлтийг энэ сарын 9-нд зохион байгуулж, үйл ажиллагааг эхэлснээс хойш төсөлд оролцохоор бүртгүүлсэн 50 иргэнийг судалгаанд хамруулж, тэдний хандлага, ур чадварыг тодорхойлсны үндсэн дээр 11 иргэнийг сонгон авч, ажил турших хөтөлбөрийн өмнөх сургалтад хамруулж байна.


Энэхүү сургалтаар оролцогчид биеэ хэрхэн зөв авч явах вэ, анкет бөглөх, өргөдөл бичих, ажлын ярилцлагад бэлтгэх,  өөрийгөө танилцуулах зэрэг ур чадварыг эзэмшүүлж байгаа юм.


Сургалт өнөөдөр эхэлж, энэ сарын 23 хүртэл үргэлжлэх ба сургалтын дараа ажилтан авах хүсэлт ирүүлсэн байгууллагууд дээр ажиллуулж, дадлагажуулах ажлыг зохион байгуулна хэмээн төслийн зөвлөх, сургагч багш М.Санжаасүрэн тодотголоо.


"Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх” энэхүү төсөл нь хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэнийг хөдөлмөрт бэлтгэн, ажиллах хүчний хомсдолтой аж ахуйн нэгж байгууллагуудад зуучлан холбож, тогтвортой ажиллахыг дэмжих зорилготой төсөл юм.



Related news