С.Мягмаржав: Хөдөө нутагт, сумандаа сайхан амьдрах боломж дүүрэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-09 22:47:36
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Луус сумын Эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Дундговь аймгийн шилдэг сувилагч С.Мягмаржавтай ярилцлаа. Тэрбээр 16 дахь жилдээ хөдөө орон нутагт тогтвортой ажиллаж буй цөөхөн эрэгтэй сувилагчдын нэг юм.

-Гэр бүлээрээ сумын эмнэлэгт сувилагчаар олон жил ажиллаж байгаа учраас танай гэр бүл онцгой санагдаж байна. Тэр дундаа эрэгтэй сувилагч цөөн байдаг болохоор тантай ярилцъя гэж бодсон юм?

-Баярлалаа. Би 2009 онд сургуулиа төгсөж, шууд ирээд л сумандаа ажилласан. Би Луус сумын уугуул. Төгсөж ирээд ажлын гараагаа төрсөн нутгаасаа эхэлсэн болохоор эндээ хамт олонтойгоо ажиллах сайхан байдаг даа.


-Сувилагч мэргэжлээр хаана суралцаж, төгссөн бэ?

-Би 2009 онд Дархан-Уул аймаг дахь Анагаахын сургуулийг сувилахуйн арга зүйч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш 2021 он хүртэл 13 жил ээлжийн сувилагч хийсэн. 2021 оноос одоог хүртэл Луус сумынхаа Эрүүл мэндийн төвд ахлах сувилагчаар ажиллаж байна. 2005-2009 онд суралцаж энэ мэргэжлээ эзэмшсэн.


-Эрэгтэй хүүхдүүд сувилагч мэргэжлээр суралцах нь тун цөөн. Энэ мэргэжлийг эзэмшихэд юу нөлөөлсөн бэ?

-Нагац ах маань бага эмч мэргэжилтэй хүн байдаг. Ахыгаа хараад эрэгтэй хүмүүс эмнэлэгт ажиллах нь үнэхээр гоё санагддаг байсан. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сэтгэлээ зориулдаг энэ мэргэжлийг эзэмшихэд ахын нөлөө орсон байх.

Ахыг маань Д.Базардарь гэдэг. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт бариа заслын бага эмч хийж байгаад одоо Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт бариа заслын эмчээр ажиллаж байгаа.  


-Таны эхнэр бас сувилагчаар ажилладаг юм байна?

-Эхнэрийг маань Насанбуянгийн Оюунбат гэдэг. Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрж өссөн. Хангай нутгийн хүн дээ. 2006-2009 онд Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн.

Ажлын гараагаа 2010 оноос Луус эрүүл мэндийн төвөөс эхэлсэн. 2010-2019 он хүртэл 9 жил ээлжийн сувилагч хийж байгаад 2019 оноос одоог хүртэл нийгмийн эрүүл мэнд, вакцинатор сувилагч хийж байна.

Манайх ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Бид хоёр Луус сумын эрүүл мэндийн төвдөө 16 дахь жилдээ гэр бүлийн хамт ажиллаж байна. Гэр бүлээрээ нэг байгууллагад ажиллах сайхан байдаг. Бие биеэ сайн ойлгодог юм.

 


-Сумандаа тогтвортой, удаан ажиллаж байгаа ийм сайхан залуусыг харахаар сайхан байна. Энэ талаар өөрийн бодлоо хуваалцана уу?

-Төгсөж ирээд ажлын гараагаа төрсөн нутгаасаа эхэлсэн болоод ч тэр үү хамт олондоо дасчихсан болоод ч тэр үү, өөр тийшээ явах, төв рүү орох бодол байдаггүй ээ. Суманд ажиллах амар амгалан сайхан л байдаг. Сумын иргэд хүн сайтай, бие биеэ сайхан хүндэлдэг, ёс жудагтай.

Аюулгүй, тайван амьдрахаас илүү зүйл юу байх вэ. Хөдөө нутагт, сумандаа сайхан амьдрах боломж дүүрэн байна шүү дээ. Дэд бүтэц байна, интернэт, утас байна. Мэдээлэл авч болж байна, ажиллах орчин, боломж хангалттай байна, аймгийн төв, Улаанбаатар руу засмалаар яваад ирж байна. Хот газар байдаг бүх л үйлчилгээ байна.

Суманд амьдардаг залуучууд олон болбол илүү хурдан хөгжих байх гэж боддог.


-Ярилцсанд баярлалаа, ажлын амжилт хүсье!

Related news