ДОРНОГОВЬ: Говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс болгон хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд тавдугаар сарын 12-нд болсон Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгажээ.
Говийн бүсийн зөвлөлийн хуралдаанаар бүсийн хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр дөрвөн
чиглэлийн 33 төсөл, арга хэмжээг улс, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх
шийдвэрийг гаргасан байна.
Говийн бүсэд хэрэгжих томоохон бүтээн байгуулалт үйл ажиллагааг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн хөгжлийн бодлоготой нийцүүлж шинээр тодорхойлох, “Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөр, бүсийн зөвлөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, бүсийн онцлог, харьцуулалт, амьдралын чанар тулгамдсан асуудлыг төр засаг, хувийн хэвшил, орон нутгийн удирдлагууд, иргэд, эрдэмтэн, судлаачдын гаргасан саналд үндэслэж боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргах юм.
Учир нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төсөл, бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу уул уурхайгаас төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж байгаа говийн бүс нутгийн иргэдийн амьдралын чанарт байгалийн баялгийн үр өгөөж шууд нөлөөлөх ёстой байгааг хуралдааны үеэр онцолсон байна.
Гэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийн хувьд хөдөө аж ахуй, тээвэр логистикийн төв, харин Дорноговь, Өмнөговь аймгийн хувьд аж үйлдвэрийн чиглэлээр түлхүү хөгжих боломжтой байгаа юм.
Мөн
иргэдийг ипотекийн зээлд хамруулах, говийн бүсийн аймгуудад уул уурхайн орлогын
тодорхой хувийг төвлөрүүлдэг болох, хилийн боомтуудад лаборатори байгуулж
заавал Улаанбаатар явахгүйгээр
бараа, хүнсний бүтээгдэхүүн импортолдог болгох, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн
авто замыг засаж шинэчлэх, ус, хөрсний доройтлыг шийдвэрлэх, сэргээгдэх эрчим
хүчний төслүүдийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд анхаарах, шар шороон
шуургыг бууруулах, ногооруулах төсөл, хөтөлбөрийг говийн бүсэд түлхүү хэрэгжүүлэх
зэрэг асуудлыг орон нутгийн удирдлага, говийн иргэдийн төлөөлөл дэвшүүлжээ.