СЭЛЭНГЭ: Сувилахуйн мэргэжилтний хүний нөөцийн хөгжил, хангамжийн талаар суурь судалгаа хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны дарга Б.Мөнхцацралтай ярилцлаа.
-Танд Олон улсын сувилагчдын
өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр танай алба хэрхэн бүтэц зохион байгуулалттай
ажиллаж, хүний нөөцийн хүрэлцээ хангамж хэр байдаг вэ?
-Баярлалаа. Манай Сувилахуйн алба байгуулагдаад
24 жил болж байна. Өнөөдөр манай албанд тусгай мэргэжилтэн 36, сувилагч 90,
туслах сувилагч 34 ажилладаг. Эдгээрээс ахлах сувилагч 13, арга зүйч 1, албаны
дарга гэсэн орон тоотойгоор төрөлжсөн болон ерөнхий мэргэжлийн сувилахуйн
тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Өнөөдөр Сэлэнгэ аймагт эмч, сувилагчийн харьцаа 1:1.2, сувилагч, туслах сувилагчийн харьцаа 1:0.8 байна. Хүний нөөцийн 17.4 хувийн дутагдалтай ажиллаж байна.
Нэгдсэн эмнэлгийн нийт ажилтны 51,7 хувийг
сувилагч, тусгай мэргэжилтэн, 34 хувь нь
35 хүртэлх насны, 66 хувь нь 35-55
насныхан эзэлж байгаа бөгөөд 5.5 хувь нь эрэгтэйчүүд байдаг. Манай эмнэлэгт тэтгэвэрт
гарсан 15, ХЧТА тогтоолгон ажиллаж байгаа 10 сувилагч ажиллаж байна.
-Албаны үндсэн зорилго
юу вэ?
-Албаны маань гол зорилго хүний
нөөцийг чадавхжуулах, төрөлжсөн мэргэжлийн сувилахуйн тусламж үйлчилгээг
хөгжүүлэхэд чиглэдэг. Хамгийн гол нь олон улсын жишигт нийцсэн менежменттэй
сувилахуйн баг болохыг бид зорин ажиллаж байгаа.
-Хийж хэрэгжүүлж байгаа
гол ажлуудаасаа дурдана уу?
-Манай алба байгуулагдсан цагаасаа
эхлэн сувилахуйн тусламж
үйлчилгээг мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжлийн
болон ёс зүйн сургалтыг ажлын байранд нь тасралтгүй зохион байгуулах, мөн сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай,
ээлтэй, хүртээмжтэй, тасралтгүй үзүүлэхэд анхаарч ирсэн.
Мөн мэргэжилтнүүдийг ажлын байранд зөв байршуулан ажиллуулах, сувилахуйн тусламжийн үр дүн, чанарт үнэлгээ дүгнэлт өгөх, хяналт хийх, ажлыг сайжруулахад гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж ирлээ.
-Сувилагчдаа мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Бид сувилагчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх,
мэргэшүүлэх ажлуудыг үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж байгаа. Ингэснээр өнөөдөр
манай албанд сувилахуйн зөвлөх 2, тэргүүлэх 15, ахлах 26 байна. Эдгээрийн 34 хувь нь мэргэжлийн
зэрэгтэй болсон.
-Сувилагчдынхаа ажлын
үнэлгээг хэрхэн дүгнэдэг вэ?
-Сувилахуйн үнэлгээг хэвтэн эмчлүүлэгчдэд 24 цагийн дотор үнэлж нанда-50 оношийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, горданы үнэлгээ болон бусад үнэлгээг нэмэлтээр үнэлж байгаа.
Мөн хэвтэн эмчлүүлж байгаа
эмчлүүлэгчдэд үзүүлсэн асаргаа, сувилгаанд үнэлгээ хяналт хийж, үр дүнг тооцон
мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаагаар дүгнэдэг.
Түүнчлэн дотоод хяналтын
төлөвлөгөөний дагуу хяналт үнэлгээ хийж, ажлын байран дээр мэргэжил арга зүйн
зөвлөмж өгч, явцын үнэлгээг ахлах сувилагч нар өдөр бүр хяналтын хуудсаар хийдэг.
Мөн гардан сургалтыг тасаг, нэгж дээрээ байнга явуулж байна.
-Сувилагч нар ажлын байран дээрээ
ажиллахад хэрэгцээтэй багаж төхөөрөмжөөр хэр хангагдсан бэ?
-Хүнд, хүндэвтэр эмчлүүлэгчдэд төрөлжсөн болон ерөнхий
мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, багаар хамтран ажиллаж,
хүндрэлээс сэргийлдэг.
Тухайлбал сувилгааны багц, цомог, иж бүрдэл, сувилгаанд хэрэглэгдэх багцаар ханган, сувилагч дуудах дохиолол, сувилагчийн пост компьютерээр 100 хувь хангасан.
Үйлчлүүлэгчийн аюулгүй
байдлыг хангах чиглэлээр “Ижил савалгаатай эмийн сэрэмжлүүлэг”-ийг мөрдүүлэн ажиллаж байна.
-Эмнэлэг
рүү ороход хөтөч сувилагч өмнөөс угтдаг. Энэ хүний ажлын онцлог юу вэ?
-Он гарсаар манай хөтөч сувилагч нар
хөгжлийн бэрхшээлтэй 297 үйлчлүүлэгчийн артерын даралтыг үзэж, урсгалыг чиглүүлэн
725 удаа тэргэнцрээр үйлчилсэн байна. Мөн шаардлагатай оношилгоо, шинжилгээний
хэсэг, кабинетүүдэд хүргэн аюулгүй ажиллагааг нь ханган ажиллаж байна.
-Хүний нөөц дутагдалтай гэж байсан. Хэрхэн бүрдүүлж
байна вэ?
-Хүний
нөөцийн хөгжлийн төлөвлөгөө гаргасан. Бид Глобал их сургуультай хамтын гэрээтэй ажиллаж байгаа. Энд сургуулийн
сувилахуйн сургуульд 18
туслах сувилагч, ажлын
байрандаа 4 дэх жилдээ суралцаж байна. Одоо төгсөх шалгалтдаа бэлтгэж байна.
-Цаашид
хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаасаа дурдана уу?
-Бид цаашид эрүүл мэндийн
үйлчилгээнд тавигдах шаардлага MNS7014:2023
стандартын хэрэгжилтийг эрчимжүүлэх. Сувилахуйн хөгжлийн бодлого боловсруулах. Сувилахуйн хүний нөөц,
менежментийн чиглэлээр удирдах албан тушаалыг бий болгож, бэхжүүлэх, хүний
нөөцийн бодлогод тусгах.
Мөн сувилахуйн мэргэжилтний хүний нөөцийн хөгжил, хангамжийн талаар суурь судалгаа хийх, Сувилагч нарын манлайллын ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд явж байна.
-Ярилцсанд баярлалаа.