Гаалийн салбарт хиймэл оюунд суурилсан технологийг нэвтрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. ГЕГ, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр "Хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж, гаалийн шинэчлэлийг бэхжүүлэх нь" төслийг хэрэгжүүлнэ.
Гаалийн үйл ажиллагааны үр ашиг, эрсдэлийн удирдлагын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой энэхүү төслийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын тэргүүлэгч технологийн гурван байгууллагын [B2EN Virnect Rebelliion] хамтарсан консорциум оролцоно. Тэд гаалийн туслах систем, нэгдсэн мэдээллийн хайлтын платформ, npus бүхий хиймэл оюуны сервер зэрэг үйлчилгээний багц нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Төслийг хэрэгжүүлснээр эрсдэлтэй ачааг урьдчилан илрүүлж, гаалийн хяналт шалгалтын үр нөлөөг сайжруулах, гадаад худалдааг хөнгөвчлөх зэрэг ач холбогдолтой. Мөн цахим шилжилт, хилийн хяналтын чадавх сайжирч, мэдээлэлд суурилсан удирдлага, ил тод, авлигаас ангид, хариуцлагатай тогтолцоог төлөвшүүлэхийн зэрэгцээ татварын орлогыг нэмж, хууль сахиулах үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр болох юм.
Хамтын ажиллагааны төсөл хариуцсан захирал Рю Жий Сон хэлэхдээ, "Гаалийн байгууллага гадаад худалдааг хөнгөвчлөх, эрсдэлийн удирдлагыг сайжруулах ерөнхий чиг үүрэгтэй. Монгол Улсын гаалийн салбар тодорхой хэмжээнд цахимжсан байгаа ч төдийлөн үр дүнтэй биш байна. Энэхүү төслөөр дамжуулан гаальд хадгалагдаж байгаа их өгөгдлийн сангийн дата мэдээг боловсронгуй болгоно. Эдгээр мэдээллийг гаалийн ажилчид түргэн шуурхай боловсруулж, хүмүүст тодорхой, оновчтой хариулт өгдөг болно” гэв.
"Хиймэл оюунд суурилсан дэвшилтэд технологийг нэвтрүүлж, гаалийн шинэчлэлийг бэхжүүлэх нь" төслийг 2025-2026 онд хэрэгжүүлэх аж.