Азийн ойн хамтын ажиллагааны XII чуулга уулзалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Азийн Ойн Хамтын ажиллагааны байгууллагаас (AFoCO) жил бүр зохион байгуулдаг сэдэвчилсэн чуулга уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эхэллээ.
12 дахь удаагийн энэхүү уулзалтыг “Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт ба олон талт түншлэлийн хамтын ажиллагаагаар AFoCO-ийн чадавхыг шинэ шатанд хүргэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй юм. Чуулганаар байгууллагын стратеги, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодит үйл ажиллагаа, санхүүжилт, олон талт түншлэлийн боломж зэргийг уялдуулан холбох, хэрэгжүүлэх механизм зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Тус байгууллага 15 орныг гишүүнчлэлдээ нэгтгэсэн бөгөөд тогтвортой ойн менежментийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.
Уг чуулганаар AFoCO-ийн гүйцэтгэх захирал нээлтийн үгийг хэлэхдээ байгальд суурилсан шийдлүүдийг санхүүжүүлэхэд AFoCO-ийн гүйцэтгэх үүргийг онцоллоо. Харин Ойн газраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны жишээ, эрх зүйн орчны шинэчлэлүүдийг танилцуулав. Хэлэлцүүлэг нь AFoCO-г найдвартай бүс нутгийн платформ болгон төлөвшүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, ой, уур амьсгалын тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, уур амьсгалын ухаалаг ойн үйл ажиллагааг хурдасгах чухал алхам болохыг оролцогчид тэмдэглэлээ.
Сүүлийн жилүүдэд байгальд суурилсан шийдлүүд болон төр, хувийн хэвшлийн түншлэл дэлхийн хэмжээнд эрчимтэй хөгжиж байгаа энэ үед гишүүн орнууд уламжлалт хандивлагч төвтэй хөгжлийн загвараас давсан, шинэлэг, тогтвортой хөрөнгө оруулалтын хэлбэрүүдийг эрэлхийлж эхэлсэн байна. Тухайлбал, нийтийн ба хувийн хөрөнгийн хослол бүхий “blended finance”-ийн эрэлт эрс нэмэгдэж, улс орнууд уур амьсгалын амлалтаа биелүүлэхэд зориулсан урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай тулгарчээ.
Маргааш өндөрлөх чуулганаар 2024-2030 оны стратегийн хүрээнд шинэ төсөл, хөтөлбөр боловсруулж, 2026 оны төслийн уриалгын явцыг танилцуулах бол хувийн хэвшлийн оролцоо, түншлэлийг хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцэнэ.
Чуулганы үр дүнд AFoCO нь стратегийн санхүүжилтийн оролцоог өргөжүүлэхээр олон улсын хөгжлийн банкуудтай хамтын санхүүжилт, нөлөөллийн хөрөнгө оруулалт, нүүрстөрөгчийн санхүүжилт, дэлхийн корпорацуудын оролцоо ба шинээр үүсэж буй хосолсон санхүүжилтийн платформууд, хувийн хэвшлийн технологи, инновацыг хөгжүүлэхээр зорьж байгаа аж.