ТӨВ: "Нэг иргэн-нэг мод" тарихыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Төв аймгийн газар нутгийн 18.7 хувийг ойн сан эзэлдэг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төв аймаг 20 сая мод тарихаар төлөвлөсөн ба өнөөдрийн байдлаар 4,5 сая мод, бут сөөг тарьж ургуулаад байна.
Төв аймгийнхан “Ногоон сэргэлт-Ногоон Төв аймаг” сарын аяны нээлтээ өнөөдөр хийлээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 1000 сургагч багш бэлтгэснээс Төв аймагт 76 иргэн, албан хаагчид сургагч багшаар бэлтгэгдэн гэрчилгээгээ гардан авсан байна. Эдгээр сургагч багш нар иргэд, олон нийтэд мод тарих, арчлан хамгаалах чиглэлээр мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх үүрэгтэй.
Нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд үг хэлэхдээ, Аймаг, орон нутгийн хөгжил цэцэглэлт, ногоон сэргэлт та биднээс шалтгаалах тул өөрсдийн нөөц боломжийг бүрэн ашиглаж “Ногоон Төв аймаг” болохын тулд “Өрх бүр хашаандаа 5 мод тарья”, "Нэг иргэн-нэг мод" тарихыг уриалсан юм.
Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр үг хэлэхдээ, Тарьсан мод, бутаа ургуулах тал дээр хүн бүхэн, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүр анхаарч, эзэнжүүлж, арчлалт, хамгаалалтыг тогтмол хийх шаардлагатай байгаа талаар онцлоод мод, бут, сөөгний суулгацыг хаа хол аймаг, хотоос зөөх биш аймаг ,орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг мод үржүүлгийн газар, энэ төрлийн бизнес эрхэлдэг иргэдээ дэмжихийг уриаллаа.
Монгол Улс дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөөд байгаа 10 орны нэг болоод байна. Манай улсын ойн сан нийт газар нутгийн 7.9 хувийг эзэлдэг ба 2030 он хүртэл тэрбум мод тарьснаар ойн санг 1 хувиар өсгөж 9 хувьд хүрч нэмэгдэх тооцоолол гарчээ.