ТӨВ: Номын баярыг “Үндэсний бичиг, соёлоо эрхэмлэн дээдэлье” уриан дор тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-05-21 21:32:18

Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Төв аймаг номын баярыг 5 дугаар сарын 20-ны өдөр “Үндэсний бичиг, соёлоо эрхэмлэн дээдэлье” уриан дор тэмдэглэлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг тэмдэглэдэг уламжлалтай.


Тус үйл ажиллагаа нь нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.  


37 дахь удаагийн номын баяраар хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Шагдарын Цэрэндоо, залуу зохиолч, сэтгүүлч Хишигнямын Дуламсүрэн нар хүрэлцэн ирж, уншигчидтайгаа уулзалт хийв.


Түүнчлэн “Өглөөний уншлага” аян, “Сор бичигтэн хүүхэд” цэвэр бичгийн уралдаан зэрэгт амжилттай оролцож шилдгээр шалгарсан хүүхдүүдэд шагнал гардууллаа.


Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг үг хэлэхдээ, “Үндэсний дархлаа болсон эх хэл, бичиг соёл, өв уламжлалаа өвлөн авч үлдэх, ирээдүйд өвлүүлэн үлдээх чухал цаг үед амьдарч байгаа эрхэм хүүхэд багачууд, залуучууд та бүхэн минь ном хэмээх гэгээн оршихуйд саатаж ухаан бодлоо тэлж, уудам орчлонгоор аялахыг хүсье” хэмээсэн юм.

 

Төв аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Тунгалаг, "Энэ жилийн номын баяраар номын дэлгүүрүүд иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилж байна. “Аз хур” дэлгүүрээс 2 ном авбал 1 ном үнэгүй, “Интерном” дэлгүүрээс 20 хувийн хямдралтай номын худалдааг зохион байгуулж байна.


Мөн шинэ, хуучин номын солилцоо, МУБИС-ийн “Титэм” дугуйлангийн сургагч багш нарын үндэсний уран бичлэгийн үзүүлбэр, Төв аймгаас төрөн гарсан ардын 5 уран зохиолчийн номын үзэсгэлэн, нууц зохиолч, номын шүлэг үйл ажиллагааг зохион байгуулснаараа онцлог байна" гэв.


Зуунмод сумын Монгени 5-р сургуулийн 8а ангийн багш Г.Мөнхбаяраас сэтгэгдлийг тодруулахад, Манай ангийнхан хичээл эхлэхээс нэг цагийн өмнө уншлага хийдэг. Ингэж уншихдаа зурах сонирхолтой хүүхдүүд их байдаг тул зургийн чадварыг нь мөн давхар хөгжүүлдэг. Мөн энэхүү чадварыг нь сайжруулах зорилготойгоор бид зурагт ном гаргахаар өөрсдөө зохиолоо бичээд хийж эхэлсэн гэлээ.

 






Related news