ДОРНОГОВЬ: Чулуун гоёл говийн брэнд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-03 13:37:12

Сайншанд, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт өнгөрсөн сарын 11-12-нд болсон Говийн бүсийн анхдугаар зөвлөгөөний үеэр говийн дөрвөн аймгийн бизнес эрхлэгчид “Нэг говь, Нэг бүс” түншлэл, хамтын ажиллагааны үзэсгэлэн гаргасан.


Говийн дөрвөн аймгийн 20 хоршоологч оролцсон үзэсгэлэнд Дорноговь аймгийн “Гайхамшигт чулуун гоёл” компанийн чулуун урлалууд хэрэглэгчдийн сонирхлыг татаж байлаа. Тус компани 2013 оноос хойш Сайншанд хотод үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд төрөл бүрийн өнгөт эрдэнийн 20 гаруй төрлийн чулуугаар гоёл чимэглэлийн эд зүйлс, шигтгээ, хөөрөг, чимэглэл зэрэг 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргаснаар говийн нэгэн брэндийг үүсгэж чаджээ.


Говь нутгийн болон бусад зэргэлдээх аймаг, цаашлаад монгол оронд байгаа чулууг сонирхон судалж чулуун бөгж, ээмэг, зүүлт, бугуйвч зэрэг эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл, үзгийн сав, шагайн тоглоом, эрих, хөөрөг зэрэг эд зүйлс урласан нь өнгө, хэлбэр хийцийн хувьд онцлог бөгөөд бусдаас ялгаатай юм.


Тус компани 6-7 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Мөн гадаад, дотоодын жуулчид, хол ойроос ирсэн хүмүүс тэдний дэлгүүрээр орж бүтээгдэхүүнийг сонирхон худалдаж авдаг болжээ. Зөвхөн хөөрөг гэхэд арваад төрлийн өнгө зүс хэлбэр хийцтэй гэсэн. 


Related news