"US Steel"-ийг 14.1 тэрбум ам.доллароор худалдаж авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 19 /Forbes/. Японы “Nippon Steel” компани 14.1 тэрбум ам.доллар төлснөөр Америкийн “United States Steel” компанийг өөртөө нэгтгэх үйл явцыг дуусгасан тухайгаа мэдэгджээ.
Нью-Йоркийн үнэт цаасны бирж зургаадугаар сарын 18-ны өдөр буюу лхагва гарагт “U.S. Steel” компанийн хувьцааны арилжааг зогсоосноор нэгтгэх үйл явц бүрэн дууссан гэдгийг баталжээ. Арилжаа хаагдах мөчид “Nippon Steel”-ийн хувьцааны ханш 2.42 хувиар унаж, 2705 иен болсон байна.
Нэгж хувьцааг 55 ам.доллароор үнэлэн хийсэн дээрх хэлцэл нь дэлхийн хоёр дахь том ган үйлдвэрлэгч, Америкийн гангийн салбарт хүчтэй өрсөлдөгчийг бий болголоо гэж "Bloomberg" агентлаг мэдээлжээ. Мөн “Nippon Steel” компани АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тогтоосон 50 хувийн гангийн татвараас чөлөөлөгдөх боломжтой боллоо.
Ерөнхийлөгч Трамп "Nippon Steel" ба "U.S. Steel" компаниудыг нэгтгэхийг зөвшөөрсөн зарлигт зургаадугаар сарын 13-нд гарын үсэг зурсан юм. Уг зарлигийг хоёр компани АНУ-ын засгийн газартай үндэсний аюулгүй байдлын тухай гэрээ байгуулсны дараа гаргасан байна. Гэрээний дагуу засгийн газарт “алтан хувьцаа” олгохоор тохиролцсон тухай хоёр компанийн хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Засгийн газар “алтан хувьцаа”-г эзэмшсэнээр хөрөнгө оруулалтыг бууруулах, компанийн нэрийг өөрчлөх, төв байр, ажлын байр, үйлдвэрлэлийг хилийн чанадад шилжүүлэх, мөн одоо байгаа үйлдвэрүүдийг хаах эсвэл зогсоох шийдвэр гаргах эрхтэй болсон байна.