Тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-18 10:48:26

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радманы Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд хоёр талын хамтын ажиллагаанд дараах баримт бичгүүдэд өчигдөр гарын үсэг зурав.


Үүнд: “Олон улсад автозамаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, иргэд болон бизнес эрхлэгч нарын харилцааг хөнгөвчилж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж буй чухал ач холбогдолтой юм.


“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Хорват Улсын Гадаад хэрэг, Европын яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг идэвхжүүлж, хоёр улсын дэвшүүлсэн санал санаачилгыг сурталчлан таниулж, харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ.


Мөн “Ойн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Ойн газар болон Бүгд Найрамдах Хорват Улсын “Хорватын Ой” компани хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т ойн салбарт тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг өрнүүлж, ойн аж ахуйн, ойн тогтвортой менежментийг хөгжүүлэхэд хамтарч ажиллах юм. Үүний хүрээнд цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх зорилгоор мод тарих, ойжуулах, ойг нөхөн сэргээх арга зүйн харилцан туршлага солилцох аж. 


“Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хорватын Эдийн засгийн танхим хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т танхим хоорондын харилцааг идэвхжүүлж, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн санал, санаачилгыг дэмжих, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны таатай нөхцөлийг бүрдүүлж, яриа хэлэлцээг эрчимжүүлэх юм.



 

Related news