Зарим сумын төрийн албан хаагчийг сургагч багшаар бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-12 22:48:04

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд” сэдэвт сургалтыг Мөрөн суманд зохион байгуулав.

Сургалт нь нь гамшигт нэрвэгдсэн мал бүхий иргэдийн амьдрал ба амьжиргааг хамгаалахад дэмжлэг үзүүлэх чадавхийг бий болгох, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд дээрхи заавар, стандартаас оруулж, шинэчлэн боловсруулах зорилготой гэнэ. Сургалтанд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Галт, Жаргалант, Ханх зэрэг 11 сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга нийт 22 төрийн албан хаагч хамрагдаж сургагч багшаар бэлтгэгджээ.

Тус аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа төдийгүй Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас малчид оторт гарч эхэлсэн байна. Сургалтанд оролцогчдыг өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн сумдаас сонгон авчээ.

Б.Гантуяа

 

Related news