ЗАВХАН: Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-22 12:04:58

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ихэнх нутгаар бороо, цас орж улсын чанартай томоохон даваанд халтиргаа гулгаа их байгаа тул алсын замд гарахгүй байхыг анхааруулав.


9 дүгээр сарын 21-22-ны шилжих шөнө Улиастай, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Алдархаан, Идэр сумын нутгаар 0-26 см цас орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн байна.


Загастайн давааны замын зорчих хэсэгт авто машин зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хэвийн болтол зорчихгүй байхыг зөвлөж байна.

Өнөөдөр аймгийн ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, нойтон цас, ялангуяа Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний цас орж, нийт нутгаар сэрүүн байна. Уулаараа үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүссэн байна.

Тиймээс иргэд та бүхэн хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай байх, өвлийн дугуйтай, авто машинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явахыг Онцгой байдлын газраас анхааруулав.

Ташрамд, Улиастай, Яруу, Идэр, Алдархаан, Цагаанхайрхан, Шилүүстэй, Отгон сумуудад цас үргэлжлэн орсоор байна. Зарим газраа 60 орчим см цас орсон. Загастайн давааг нээхээр аймгийн Онцгой байдлын газар, Завхан АЗЗА, Авто тээврийн газрууд хоёр талаас нь ажиллаж байна. 

Загастайн даваа 2025.09.22 



Related news