УВС: Алсын зайн оношилгоог нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-22 13:45:35

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Хорт хавдрын өвчлөл өндөртэй бүс нутагт оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас алсын зайн оношилгоо болон телепатологийн тусламж үйлчилгээг шат дараатай нэвтрүүлж эхэлжээ.  


Энэ хүрээнд 2025 онд Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын тасагт WinViewer слайд сканнер суурилуулснаар эд, эсийн эмгэг судлалын шинжилгээг цахимаар илгээж, бодит цагийн горимоор оношлох боломж бүрдүүлээд байна.


Уг туршилтын ажлын үр дүнд энэ сарын 15-ны байдлаар ходоодны хорт хавдрын хоёр тохиолдлыг алсын зайн оношилгоогоор амжилттай оношилж, цаашдын эмчилгээний шийдвэрийг гаргажээ.


Энэхүү үйлчилгээ нь цаашид бусад аймаг, орон нутгийн эмгэг судлалын тасгуудад хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд улсын хэмжээний лавлагаа шатны төвийн зөвлөх, тэргүүлэх, ахлах зэрэгтэй эмч нараас шуурхай зөвлөгөө авах, ур чадвар дээшлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж буй нь орон нутгийн оношилгооны чанарыг сайжруулах шинэ алхам болсон байна.

Related news