1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай “Алтан цом”-ын барилдааныг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-26 11:30:15

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоооос 2022, 2023 онд “Алтан цом”-ын төлөөх барилдааныг зохион байгуулахдаа багуудаа дэвжээгээр нь хувааж байсан билээ.


Гурав дахь удаагийн “Алтан цом”-ын барилдааныг ирэх сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэгвэл энэ жилээс үндэсний томоохон компаниудын нэр дээр шилдэг найман багийг оролцуулахаар болсон байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулах тус барилдаанд баг тус бүр зургаан хүний бүрэлдэхүүнтэй байх аж. Ингэхдээ МҮБХ-ны 2024-2025 оны улиралд зохион байгуулсан 68 удаагийн барилдаанд гаргасан бөхчүүдийн амжилтыг чансааны оноогоор дүгнэн найман багийн гишүүдийг бүрдүүлэх юм байна. Багуудын өрсөлдөөнийг тэнцвэртэй байлгахын тулд үндэсний компаниуд 1-3 бөхийг шууд сонгох (үүнд цалин, ивээн тэтгэлэг, харьяалал болон өндөр чансаатай байгаа бөхчүүдийг урих  эрх), бусад гишүүнийг чансааны үзүүлэлтийг харгалзан сугалуулах зарчмаар бүрдүүлэхээр дүрэмд тусгажээ.


Уг барилдааны нийт шагналын сан 1.5 тэрбум байх бөгөөд “Алтан цом”-д оролцох найман баг тойргоор өрсөлдөнө. Энэхүү сонирхолтой барилдаанд зодоглох боломжтой эхний 80 бөхийн жагсаалтыг МҮБХ-ноос зарласан юм. Шилдэг 80 бөхөд дархан аварга нэг, улсын аварга хоёр, арслан тав, заан долоо, харцага ес, начин 14 багтсан байна. Түүнчлэн аймгийн арслан 37, заан дөрөв, харцага цолтой ганцхан бөх багтжээ. Харин улсын гарди болон аймгийн начин, сумын заан цолтнууд шилдэг 80 бөхийн жагсаалтад орсонгүй.


Бөхчүүдийг чансааны оноог тооцохдоо 2024-2025 оны улирад Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанаас гадна Улсын баяр наадам, Нийслэлийн иргэдийн баяр, Авто тээврийн 100 жил, Өндөр гэгээний 390 жилийн ой, Төмөр замын баяр, “Нүүдэлчин фестиваль 2025”-ын барилдааны оноог нэмж тооцсон байна.

Related news