Орон сууц борлуулсны 2 хувийн татварын асуудлаар ажлын хэсэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-02 09:10:35

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 1-ний өдрийн хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.


Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар, нийт 41149 үл хөдлөх хөрөнгө борлуулсан статистикт үзүүлэлт байдгаас 32933  нь орон сууц байсан. Мөн нийт 5.7 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө борлуулснаас 4.6 их наяд төгрөг нь орон сууцны борлуулалт эзэлдэг. Энэ хүрээнд 115.4 тэрбум төгрөгийн татвар төлөгдсөнөөс 93.7 хувийг нь орон сууцтай холбоотой татвар эзэлдэг гэсэн тайлбарыг ажлын хэсгээс энэ үеэр өгөв. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний суурь асуудлыг эхлээд ярих шаардлагатай гээд, Сангийн яам холбогдох хуулийн төслөө боловсруулж, УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхийг анхааруулж байлаа. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэсэн санал хэлэв. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжууд, татвартай холбоотой нөхцөл шалтгаанууд, уг асуудалтай холбоотой төрийн болон хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, асуудлыг өргөн хүрээнд нарийн судлахад онцгойлон анхаарч, ажиллахыг хүслээ.


Ингээд Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудалтай холбогдох хуулийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжлээ.


Байнгын хорооны тогтоолын төсөлд уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг ахалж, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Р.Батболд, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, Ч.Номин, Б.Түвшин, Да.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.             


Related news