Багийн Засаг дарга нар мэдлэг боловсролоо дээшлүүлэх хэрэгтэйг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 22:04:15

Баянхонгор аймгийн 104 багийн баг болон сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар “Багийн Засаг дарга нарын чадавхийг бэхжүүлэх нь” сургалтад хамрагджээ.

Аймгийн удирдлагуудын зүгээс “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж болох багийн Засаг даргын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх, тэдний чадавхийг бэхжүүлэх замаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах, харилцан туршлага солилцох зорилготой олон ажил хийж байгаагийн нэгээхэн хэсэг” гэдгийг онцолж байгаа.

Сургалтыг нээж аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан “Багийн Засаг даргын идэвх оролцоо, анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Илтгэлдээ, багийн Засаг дарга нар мэдлэг боловсролоо дээшлүүлж, өөрийнхөө хандлага зан үйлд анхаарахаас гадна төрийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг иргэдэд түргэн шуурхай хүргэж, тэдний ажил амьдралтай танилцаж, багийн хөгжлийг ахиулахын төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллахын чухлыг хэлж байв.

Мөн аймгийн ЗДТГ-ын дарга О.Тойвгоо “Төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах нь” сэдвээр илтгэл тавьж, төрийн үйлчилгээг цаасан технологиос татгалзаж, цахим технологид шилжүүлж буй үйл явцын талаар мэдээлэл өгсөн юм. Ийнхүү холбогдох албаныхан чиглэл бүрийг илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлснээр аймгийн удирдлагууд болон сум, багийн удирдлагууд тулгамдаж буй асуудлаа дэлгэн, сайн туршлагын талаар харилцан ярилцлага өрнүүллээ.

Б.Мөнхзул

Related news