Кибер гэмт хэргийн гаралт ихсэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-11 22:16:59

Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй компьютерын хэрэглээг дагаад компьютер, компьютерын сүлжээг ашиглан үйлдэгдэх гэмт хэргийн гаралт ихэссээр байна.

Хэнтий аймгийн хэмжээнд 2016 онд цахим орчинд иргэд олон нийтийн сүлжээ, сайт ашиглан харилцаанд оролцож залилан, мэхлэх гэмт хэргийн золиос болж хохирсон хэрэг 3, мөн олон нийтийн сүлжээгээр далимдуулж далайлган сүрдүүлсэн гэмт хэрэг 1 нийт 4 хэрэг бүртгэгдэн шалгагджээ. 

Олон нийт, иргэдийн дунд компьютерын гэмт хэргийн тухай ойлголт байхгүй нь уг төрлийн гэмт хэргийн гаралт ихсэх хамгийн том шалтгаан болж байгаа юм. Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт компьютерын гэмт хэргийн талаар зүйлчлэн заасан бөгөөд эдгээр зүйл заалтад:
• Компьютерын мэдээлэл, програмыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх
• Компьютерын мэдээллийг хууль бусаар олж авах
• Компьютерын мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах
• Хортой код зохион бүтээх, ашиглах, тараах зэрэгт эрүүгийн хариуцлага тооцохоор заасан байдаг.

Иймд та өөрийн санамсар болгоомжгүй байдал, бусдад найдсаны улмаас гэмт хэргийн золиос эсвэл гэмт хэрэгтэн болох эрсдэлтэй тул сонор сэрэмжтэй байж, уг төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулж байна.

Д.Одонтунгалаг

 

Related news