Тав хүртэлх насны хүүхдэд зарим эмийг үнэгүй олгох шийдвэр хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-12 15:08:31
Yesukheitumur Tumurbaatar

0-5 хүртэлх насны хүүхдэд зарим эмийг үнэгүй олгох шийдвэр Төв аймагт өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт 0-5 насны хүүхдүүдийн дунд элбэг байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт зарим эмийг үнэгүй олгох талаар тусгасан. Энэ хүрээнд тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Төв аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 31 эмийн сантай харилцан тохиролцож гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар Төв аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын газрын дарга Б.Оюунтуяа тайлбарлалаа.

Мөн тав хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэсэн эмийн үнэнд үзүүлсэн нийт хөнгөлөлтийн хэмжээгээр эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын төсөвт тодотгол хийхийг Төв аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын газраас холбогдох хүмүүст үүрэг болгосон байна.

Эмчийн бичсэн жорын дагуу дараах эмүүдийг үнэгүй олгоно. Үүнд шингэн сэлбэх давсны уусмал буюу хоёр төрлийн Хросол, Сальбутамол, Ибупрофен, Парацетамол, Азитромицин, Амброксол, Ацетилцистейн, Ампицилин, Амокцилин, Тетракцилин зэрэг 10 төрлийн эм орсон байна.

Т.Есүхэйтөмөр

 

 

Related news