Стандартын шаардлага хангасан цусны салбар төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-14 02:14:35
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төвд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Эрүүл мэнд сахин хамгаалах хөтөлбөр-5” төслийн хүрээнд 38 сая төгрөгөөр ISO-9001 чанарын стандарт шаардлага хангасан материалаар иж бүрэн засвар хийгдэв.

Өмнө нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг төслийн хүрээнд 434.2 сая төгрөгийн 48 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнээр өнгөрсөн оны тавдугаар сараас найман нэгж шинэ хөлдүү “сийвэн”-г үйлдвэрлэж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар нийт долоон нэр төрлийн 164.6 литр 615 нэгж цус болон цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж 92.8 хувийг эмчилгээнд ашиглаж 7.5 сая төгрөгийн хэмнэлтийг гаргаад байна.

Түүнчлэн шинээр засварын ажил хийгдсэнээр тус салбар төвийн цус үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсэн байна. Тухайлбал шинээр хөлдүү сийвэн, криопреципитат, к сийвэн, ялтаст эсийн өтгөрүүлэг болон цагаан эсгүйжүүлсэн улаан эс зэрэг таван нэр төрлийн цусны бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон аж.

Мөн өмнө нь цусны салбар төв цусны 5-7 хоногийн нөөцтэй байсан бол одоо 30 хоногийн нөөцтэй болсон гэж албаны хүмүүс онцоллоо.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

Related news