Нийт дуудлагын 92 хувийг яаралтай бус дуудлага эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-17 11:07:55

Хаа газрын Яаралтай түргэн тусламжийн тасаг бол амьдрал буцалж байдаг халуун цэг. Дорнод аймаг дахь ЗБОЭТ-ийн ЯТТ-ийн тасаг жилд 10-11 мянган хүнд дуудлагаар үйлчилдгийн 92 хувь нь яаралтай бус дуудлага гэдгийг эмч нар хэлж байна.

Утсаар дуудлага авч, яаралтай юу, яаралтай бус уу гэдгийг эрэмбэлэн ангилдаг. Яаралтайд төрөх, аваар осол, цус алдалт ордог бол яаралтай бус гэдэгт даралт ихсэх, халуурах, бөөр нуруу өвдөх гэхчлэн. Угтаа бол энэ мэт яаралтай бус дуудлагад даралтны эмээ уугаарай, халуурч байгаа бол лаа хийгээд, биеийг нь чийгтэй алчуураар арчаарай гэхчлэн зөвлөгөө өгөөд байж байх ёстой атал ердөө эмнэлгийн хажуу дэргэдэх байрныхан хүртэл дуудаж, ирсэнгүй гэж дайрч доромжлох, даралтныхаа эмийг уух гэж түргэн дуудах нь энгийн үзэгдэл болжээ. Өвлийн саруудад дуудлага бүр ихэсдэг. 103-ийн дуудлага, унаа тэрэг үнэгүй учир тэр хэрээр хандах нь их. Алсын дуудлагаар яваад очиход сүү сааль, гэр орноо нүүлгээд аймгийн төвд орж ирээд хээв буучихдаг нөхдүүд ч мэр сэр таарах нь бий. Энэ бол эрүүл мэндийн салбарт иргэд өөрсдөө хиймэл ачаалал үүсгэж буйн нэг жишээ юм. БОЭТ-ийн Яаралтай түргэн тусамжийн тасаг 4 их эмч, 5 жолоочтойгоор Чойбалсан хотын 45 мянган хүн амд гэрээс эмнэлэг хүртэлх тусламжийг үзүүлж байна.

Б.Туяа

Related news