Хэнтийн “Очир” фитнессийн тамирчин УАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙПауэрлифтингийн Улсын аварга шалгаруулах тэмцээн саяхан Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, Хэнтий аймгийн “Очир” фитнесс клубын тамирчин Б.Саранхүү хэвтээ шахалтын төрөлд амжилттай оролцож, хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээн нь өсвөр үе, залуучууд, мастер, насанд хүрэгчид гэсэн ангиллаар явагдсан бөгөөд нийт 200 гаруй тамирчид оролцож, хүч оюунаа сорин өрсөлдсөн байна.
Жүдо бөхийн спортын дэд мастер Б.Саранхүүгийн хувьд тус аймгийн Хэрлэн нэгдүгээр сургуулийг 2012 онд төгссөн бөгөөд аймгийн харцага Г.Эрдэнэбилэгийн шавь юм. Тэрбээр Пауэрлифтингийн спортоор 2015 оноос хичээллэж эхэлжээ. МУБИС-ийн багш, дасгалжуулагчийн ангийг 2016 онд онц дүнтэй төгсөж, магистрт суралцах эрх гарджээ. Гэсэн ч Хэнтий нутагтаа энэ спортыг хөгжүүлэхийг зорьж, орон нутагтаа ирж, “Очир” фитнесс клубын багшаар ажиллаж байна.
Тэрбээр Пауэрлифтингийн 2015 оны УАШТ-ний хүрэл медаль, Бодибилдингийн УАШТ-ний Атлетик фитнес төрөлд 4-р байр эзэлж байсан ирээдүйтэй залуу тамирчин юм. Бодибилдинг, пауэрлифтингийн спортыг хослуулан хичээллэдэг түүний хувьд 2017 ондоо УАШТ-нд түрүүлэх, улмаар 2024 онд энэ төрлөөр олимпийн аварга болох зорилт тавин бэлтгэл сургуулилтандаа шамджээ.
Пауэрлифтингийн спорт нь Монгол Улсад хөгжөөд 10 гаруй жил болж байгаа бөгөөд хүүхэд залуучууд, ер нь бүх насныхан хичээллэх боломжтой. Монгол хүний бие махбодид тохирсон, хүчний гурван төрөл буюу штанктай суулт, цээжний шахалт, газраас таталт, нийлбэр дүнгээр дөрвөн медаль авах боломжтой гэдгээрээ онцлог спорт юм.
Хэнтий аймгийн төвд "Хасар", “Очир” гэсэн хоёр фитнесс клуб тогтмол үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 13-40 насны 100 гаруй хүн хичээллэдэг аж.
Д.Одонтунгалаг