Б.Энх-Эрдэнэ: Монголоос бүтээгдэхүүн биш боловсон хүчнүүд нь гадаадыг зорьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙШинэ оны өмнөхөн Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар томилогдоод буй Б.Энх-Эрдэнийг урьж ярилцлаа. Тэрбээр одоогоор шинээр томилогдсон агентлаг хэлтсийн дарга нараас “хамгийн залуу” гэх тодотголтой нь. Залуу хүний эрч хүчээр шинэхэн ажлаа хэрхэн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаарх түүний яриаг уншигчдадаа хүргэе.
-Танд шинэ оны мэнд хүргэж, шинэ ажилд томилогдсонд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?
-Баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье. Намайг Баттулгын Энх-Эрдэнэ гэдэг, 1993 онд Хэнтий аймагт төрсөн. Ам бүл 5, хоёр эмэгтэй дүү, аав ээжийн хамт амьдардаг. Миний бие 2011 онд “Тэмүүжин” цогцолбор сургуулийг төгсөж, тус ондоо ХААИС-ийн Инженерийн сургуульд орж, 2015 онд Үндэсний Үйлдвэр технологич инженерээр төгссөн. Би 7 дугаар ангиасаа Өсвөрийн цагдаа бүлгэмийн дарга, “Хүслэн” ХОУЗ-ийн гишүүн зэрэг олон нийтийн байгууллагад явдаг идэвхтэй сурагч байсан. Мөн оюутан байхдаа ХААИС-ийн оюутны холбооны хяналтын албаны даргаар 2 жил ажиллаж, Хэнтий аймгийн НАМОХ-ны тэргүүнээр ажиллаж байсан. Одоо НАМОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Хэнтий аймгийн Оюутан залуучуудын холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг.
-Байгууллагынхаа бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулна уу? Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс байснаа өөр нэршилтэй болсон шүү дээ.
-Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр аймгуудын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж нэрээ өөрчилсөн. Өнгөрсөн жил УИХ-ын 12 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрыг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” болгож, гэр бүл, залуучуудын хөгжлийн асуудлыг хүүхдийн хөгжил, хамгаалалтай хамтад нь шийдвэрлэх, төрөөс хүн амын бүлгийн асуудлыг цогцоор нь авч үзэх бодлогын томоохон өөрчлөлт хийсэн.
Монгол Улсын хүн амын 33 хувийг 0-18 насны хүүхэд, гуравны нэгийг 18-35 насны залуус эзэлдэг бөгөөд манай аймгийн хувьд 15-34 насны 24156 иргэн байдаг гэсэн судалгаа бий. Иймээс нийгмийн зонхилох хувийг эзэлж буй нийгмийн тулгуур багана болсон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлага тулгарч байгаа юм.
Манай байгууллагын бүтцийн хувьд дарга, нягтлан, нярав, 4 мэргэжилтэн, 1 нийгмийн ажилтан, 4 сахиул гэсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй. Яваандаа орон тоо болон бүтэц, бүрэлдэхүүн нэмэгдэхээр байгаа.
-Манай аймагт хүүхдийн оролцооны ямар ямар байгууллагууд байна вэ? Тэдэнтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Аймгийн ГБХЗХГ-ын дэргэд “Хүслэн” ХОУЗ, “Цэц Монгол”, “Монголын хүүхдийн байгууллага”, Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл, Скаутын зөвлөл, “Өсвөрийн улаан загалмай”, “Өсвөрийн цагдаа” зэрэг хүүхдийн байгууллагууд байдаг. Хүүхэд хүүхдээ өөрчилдөг, бас өөрсдийнхөө асуудлаа мэддэг учраас бид бүхэн хүүхдүүдийг чадваржуулах, хөгжүүлэх, оролцоо болон нийгэмд эзлэх байр суурийг нь нэмэгдүүлэх тал дээр хамтарч асуудлыг шийдэхийн төлөө ажиллана. Мөн хөгжлийн төлөө олон зүйлийг санаачлан хийх болно. Тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг ярьж хэлж, багаас нь оюун ухаанд нь хөрөнгө оруулалт хийж мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх тал дээр түлхүү анхаарна.
-Орон нутгийн хувьд залуучуудын оролцоо, хөгжих боломж дутмаг юм шиг санагддаг. Та залуучууд руу чиглэсэн ямар санаачилга гаргаж ажиллах вэ?
-Нутаг орны хөгжил бол залуучууд. Залуучууд өөрсдөө хөгжиж байж тухайн нутаг орноо хөгжүүлэх боломжтой гэж би боддог. Цаашид залуучуудын хөгжих болон цагийг зөв боловсон өнгөрөөх тал дээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа, удахгүй залуучууд маань цагийг үр бүтээлтэй өнгөрөөж чадваржих төвтэй болно. Ер нь залуучуудын нийгэмд эзлэх байр суурь тэнцвэргүй байгаа учраас олон асуудлууд нийгэмд илэрч байна гэж бодож байна. Жишээлбэл, Гэр бүл салалт, хүчирхийлэл, үр хөндөлт, ажилгүйдэл, үүнийг дагаад архидалт бий болж байгаа учраас нийгмийг цочроосон гэмт хэргүүд нэмэгдэж байна. Иймээс бид бүхэн аймаг орон нутгийн удирдлагуудтайгаа хамтарч мөн цаашлаад орон нутагт амьдарч байгаа залуучууд, хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн хууль, статистик тоо баримт дээр суурилсан ажлуудыг идэвхжүүлж, гурван хөтөлбөр барьж ажиллах бодолтой байна. Монголоос бүтээгдэхүүн биш боловсон хүчнүүд нь гадаад улсыг зорьж байгаа учраас нутаг орон руугаа залуучуудыгаа хандуулсан ажлуудыг хийж нутгаа гэсэн сэдлийг нь бий болгох, залуучуудаа татах тал дээр анхаарч ажиллана. Нутаг орныхоо хөгжлийн төлөө залуучуудтайгаа ямар ч ажлаар хамтрахад манай байгууллага бэлэн байгаа шүү гэдгээ энэ дашрамд илэрхийлье.
-Хэнтий аймгийн ГБХЗХГ-ын хувьд цаашид ямар зорилт тавин ажиллаж байна вэ?
-Үндэсний хэмжээний жишиг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болохыг зорьж ажиллана.
-Та хүүхэд байхаасаа олон нийтийн байгууллагад ажилласнаараа өөртөө юуг олж авсан гэж боддог вэ? Ер нь ажилдаа ямар зарчмыг баримталж ажиллах вэ?
-Олон нийтийн байгууллага тухайн хүнд итгэл өгч хүсэл мөрөөдөлтэй болгодог. Миний хувьд хамгийн сайн найз, ах, эгч, дүү, хамт олон маань бүгдээрээ олон нийтийн байгууллагаар ялангуяа “Хүслэн” ХОУЗ, бусад хүүхдийн байгууллагад явж байсан хамт олон байдаг. Мөн олон нийтийн байгууллагаас амьдралын алсын хараагаа, гэр бүлээ олж авсан гэж боддог. Миний баримталж ажиллах зарчим бол ажил бол ажил, цагийн юмыг цагт нь хийх. Ер нь нийгмийн ажил үйлчилгээ гэдэг гарт баригдахгүй, хүнд харагдахгүй бэрхшээлтэй ажил байдаг. Гэсэн ч хүүхэд, залуучуудын асуудалд сэтгэлээсээ хандаж байж үр дүн гарна гэж бодож байна. Тиймээс аль ч түвшинд бид чармайн ажиллах болно. Нэг нэгнээ дэмжиж нэгдэж хамтдаа хөгжицгөөе.
Д.Одонтунгалаг