Галзуу өвчний 22 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-08 14:13:18

Хэнтий аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар мал амьтны галзуу өвчний 22 тохиолдол бүртгэгдэж, галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 132 иргэн эмнэлгийн тусламж авч,  дархлаажуулалтанд хамрагджээ.

Галзуу өвчний сүүлийн 5 жилийн дундаж тохиолдлыг өмнөх 5 жилийн дундажтай харьцуулахад 25.3 дахин нэмэгдсэн байгаа нь уг өвчний тархалт хурдацтай байгааг харуулж байна.

Галзуу өвчин нь хүн болон бусад бүлээн цуст амьтанд хурц хэлбэрийн тархины үрэвсэл үүсгэдэг, түргэн явцтай, вирусын гаралтай өвчин юм. Шинж тэмдэг илрэх хүртэлх хугацаа нь тухайн өвчний вирус төв мэдрэлийн систем рүү хүрч очих зайнаас хамаардаг бөгөөд өвчний нууц үе 10 хоногоос 3 сар, хааяа 1 жил хүртэл хугацаанд үргэлжилдэг байна. Эмнэлзүйн хувьд төв мэдрэлийн тогтолцоог гэмтээснээс болж, хөдөлгөөний төвийн сэрэлт ихэсч амьсгал, залгих булчингуудын таталт үүсэн улмаар саажин богино хугацаанд үхлээр төгсдөг өвчин юм.

Галзуу өвчин нь дэлхийн 150 гаруй оронд тархсанаас хөгжиж буй Ази, Африкийн орнуудад 95 хувь нь бүртгэгдсэн байдаг. Манай улсын хувьд 21 аймгийн 283 сум, нийслэлийн 5 дүүрэгт галзуу өвчний голомт бүртгэгдсэн байдаг ба жил бүр дунджаар 7000 гаруй хүн галзуу өвчний эрсдэлд өртөж эмнэлэгт ханддаг байна.

Иймээс галзуу өвчнөөс сэргийлэхийн тулд:

  1. Гэрийн тэжээмэл нохойг гэрчилгээжүүлэн бүртгэж, дархлаажуулах
  2. Эзэнгүй гудамжны золбин нохой муурыг устгах
  3. Оношилгоог цаг алдалгүй хийлгэж,  мэргэжлийн байгууллагад хандах
  4. Хүн хазсан, ямар ч  эрүүл гэрийн тэжээмэл нохой  ба муурыг 14 хоног уяж, хяналтанд байлгах 
  5. Золбин  амьтан хүн хазсан урсан тохиолдолд шууд устгаж, галзуу өвчтэй эсэхийг шинжлүүлэх
  6. Галзуу амьтан хазсан дархлаажуулаагүй нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтныг шууд устгах
  7. Эрсдэлд өртсөн тохиолдолд вакцин ийлдсийг бүрэн тунгаар тариулж байх шаардлагатай юм.

 

Д.Одонтунгалаг

Related news