Улсын аварга шатарчид гуравдугаар сард тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-14 16:54:43

Манай улсын эрэгтэй, эмэгтэй нийт 118 шилдэг шатарчин УАШТ-ий хагас шигшээ шатанд оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний эрэгтэйчүүдийн 57 дахь, эмэгтэйчүүдийн 49 дэх удаагийн хагас шигшээ шатны шалгаруулалт 2017 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо МУБИС-ийн байранд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнийг Монголын шатрын холбоо, МУБИС хамтран зохион байгуулж, ивээн тэтгэгчээр Төрийн банк, мэдээллийн түншээр МҮОНТВ, World TV, Like news тус тус ажиллаж байна.

Тэмцээнд анхан шатны шалгаруулалтаас шалгарсан болон аймгийн аваргууд, эмэгтэй 1900-гаас эрэгтэй 2100-гаас дээш чансаатай шатарчид өрсөлдөж байгаа юм. Эмэгтэй ангилалд 48, эрэгтэй ангилалд 70 тамирчин оролцож байгаа бөгөөд швейцарь системээр эмэгтэй ес, эрэгтэй 11 өрөг тоглож энэ сарын 19-нд буюу ирэх ням гарагт шилдгүүд тодорно.

Энэ тэмцээнд оролцогчдын зэрэг цолыг танилцуулахад, Их мастер дөрөв, Олон улсын мастер  найм, Олон улсын шатрын холбооны мастер 14, Олон улсын шатрын холбооны дэд мастер 13, Спортын мастер ес, Дэд мастер 18 оролцож байгаа бөгөөд тэд нийт шатарчдын 56 хувийг эзэлж байна.

Тэмцээний хагас шигшээ шатнаас ангилал тус бүрээс 11 шатарчин шигшээ шатанд өрсөлдөх эрхээ авах юм. Харин 2016 оны улсын аваргууд болох ОУМ Г.Мөнхгал /Өвөрхангай аймаг/, ОУМ, ИМЭ Т.Батчимэг /Сүлд СХ, Мончесс клуб/ нар нэмэгдэж 12 шатарчин гуравдугаар сарын 13-23-нд тойргийн системээр өрсөлдөж аваргаа тодруулна.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МШХ-ны ерөнхий менежер Э.Номин, ерөнхий шүүгчээр МШХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга ФИДЕ шүүгч Б.Нямдаваа, ахлах шүүгчээр улсын шүүгч Ч.Баттүвшин, оноолтын шүүгчээр Б.Анхбаяр, эрэгтэй ангиллыг Ц.Тулга, Р.Бат-Амгалан, эмэгтэй ангиллыг ОУ-ын шүүгч Ж.Лхагва, Улсын шүүгч Ч.Бадрал нар ажиллаж байгаа юм.

Энэ удаагийн тэмцээний ангилал тус бүрийн эхний 5 ширээг www.mongolchess.mn хаягаар шууд дамжуулан үзүүлэхээс гадна тэмцээнд оролцогчид ФИДЕ дүрмийн дагуу гар утас, ухаалаг төхөөрөмжөө хураалган оролцож байгаа гэдгээрээ онцлогтой.

Д.Өлзий

Related news