МСҮТ-ийнхөн “Намрын хөдөлмөрийн аян” –аар 2 сая төгрөгийн урамшуулал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 15:32:02

Монгол Улсын Хөдөлмөрийн Яамнаас ургац хураалтанд туслах тухай албан тоот ирүүлсний дагуу Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн хамт олон “Намрын хөдөлмөрийн аян” зохион байгууллаа.

Аяны хүрээнд 25 багш 130 сурагч оролцсон бөгөөд сургуулийн анги танхим болон гаднах их цэвэрлэгээ, өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр, сургуулийн нэгдүгээр давхарын 50 цонхны будаг, замаск арилгах, сургуулийн орчны зэрлэг өвсийг зулгааж цэвэрлэх, сургуулийн хаалганы 4 баганыг шавардаж будах, дотуур байрны багш нарын өрөөнд их засвар хийх, сургуулийн ногоо хураах зэрэг ажил хийв.

Мөн түншлэгч байгууллагуудад туслах чиглэлээр тэдний захиалгыг авч сургалтын хэвийн ажилагааг алдагдуулахгүй байхаар зохион байгуулж, суралцагчдыг сайн дурын үндсэн дээр сонгон оролцуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангаж ажиллуулахад онцгойлон анхаарсан. “Арт маргад ХХК” “ Юдэгийн хөндий” бүл,   “Хайлаас хайрхан” хоршоо “Жимсний баяжмал” нөхөрлөл зэрэг 10 аж ахуй нэгжид 260 сурагч ажиллаж 2,000,000 төгрөгийн урамшуулал авчээ

Тэд төмс-5 га талбайгаас 50 тонн, Сонгино-2 га талбайгаас 9  тонн хурааж, Хадлан- 25 тонн  хадаж, малын саравч барих, засварлах ажилд тусаллаа.

Аймаг орон нутгийн бүтээн байгуулалтын болон цаг үеийн ажилд оролцох чиглэлээр “Хоггүй хэрлэн гол” арга хэмжээнд 63 сурагч  5 багш оролцож, 5тн хог цэвэрлэжээ. “Хэрлэн”, “Язгууртан” хорооллын барилгын засварын ажилд, багш Д.Тэрбиштэй, Я.Гэрэлмаа БЗЧ-ийн мэргэжлийн 18 сурагч, “Их Баян Бүрд” ХХК-ны барьж буй НААҮ-ний барилгын ажилд Д.Батхуяг багштай БӨУ- мэргэжилтнээр суралцаж байгаа 8 сурагч, Хан Хэнтий чуулгын барилгын ажилд 5 сурагч туслан ажилтнаар  ажиллав.

Хэнтий аймаг дахь  МСҮТ-ийн захирал Х.Мөнхцэцэг “Сурагчдыг аймаг, сум, байгууллагын цаг үеийн болон ургац хураалт, бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан нь тэднийг хөдөлмөрт хандах хандлагыг төлөвшүүлэхэд ач холбогдолтой үр дүнтэй ажил боллоо” гэв.

Мөн Улаанбаатар хотод “Талын зам” группийн барьж буй түлэнхийн төвийн барилга дээр Ц.Уранчимэг багштай Бетон арматурын ангийн сурагчид 21 хоног дагалдан ажилтнаар  ажиллаад  ирсэн аж.

О.Буянхишиг

 

 

Related news