Японоос өсвөрийн бөхчүүд гурван хүрэл медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын төвийн бүсийн 31 дэх удаагийн өсвөр үеийн олон улсын тэмцээн Яйзү хотын спорт цогцолборт болж, манай чөлөөт бөхийн тамирчид гурван хүрэл медаль хүртсэн байна.
Шизүока мужийн чөлөөт бөхийн өсвөр үеийн эмэгтэй тамирчдын холбооноос зохион байгуулсан энэ тэмцээнд манай улсаас Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” клубын дасгалжуулагч Э.Баттүшиг, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн дасгалжуулагч Э.Батмөнх нарын удирдлага дор П.Мөнхтүвшин, Б.Төмөр-Очир, М.Толуй, Ч.Номин А.Анх-Эрдэнэ, Л.Эрдэнэболор нарын зургаан тамирчин оролцжээ. Тэднээс хөвгүүдийн бага сургуулийн 1-2 ангийн 20 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин П.Мөнхтүвшин, 5-6 ангийн 30 кг-д Налайх дүүргийн тамирчин А.Анх-Эрдэнэ, 36 кг-д “Их шавь” дэвжээний тамирчин М.Толуй тус тус хүрэл медалийн эзэд болов.
Д.Өлзий