Үндэсний хувцсаар гоёсон 3333 хүүхэд “Тусгаар тогтнол” шүлгийг төв талбайд уншив
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/.Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 хүүхэд нэгэн зэрэг уншлаа.
Нийслэлийн хошой тэргүүний БГД-ийн "Оюуны ундраа" цогцолбор сургуулийн 20 жилийн ойн хүрээнд энэхүү шүлгийн цэнгүүн, шилжин явах цом гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулав.
1997 онд Гандангийн 40 жилийн түүхтэй 22 дугаар сургууль, Зөвлөлтийн 9 дүгээр сургуулийн суурин дээр байгуулагдаад таван жил болж байсан 96 дугаар сургуулийг нийлүүлж тус цогцолбор сургуулийг байгуулжээ. Ойн хүрээнд ирэх 9 дүгээр сард тэмдэглэх 20 жилийн ойн хүрээнд 20 ажил төлөвлөсний нэг нь ийнхүү энэхүү ёслолын ажиллагаагаар эхэлж буйг тус сургуулийн удирдлагууд онцолж байлаа.
Энэ үеэр “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүр тасралтгүй уншдаг уламжлал тогтох зорилгоор шилжин явах цом бүтээснийг тус сургуулийн захирал С.Нэргүйдаваа Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ш.Отгончимэгт гардуулав.
Энэ дагуу 1206 онд Монголын нэгдсэн улс байгуулагдсан он тооллыг бэлгэдэж хот, хөдөөгийн сургуулийн 1206 сурагч Д.Сүхбаатарын талбайд ирж унших учиртай аж. Монгол Улсын хилийг дүрсэлсэн чулуун суурин дээр 60 см өндөртэй зэсээр дөрвөн тал гаргаж хийжээ. Цомын ёроолыг уулан хээгээр хөвөөлж, бүх гадаргууг түмэн наст хээгээр чимсэн байна. Урд талын хэсэгт Чингис хааны дүрс, Монгол Улсын мандан бадарч байсан он жилүүд, ард талд нь “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн лого, нэг талд нь Хүннүгийн бугын хошуу, нөгөө талд нь монгол бичгээр “Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би” хэмээн сийлжээ. Орой нийлэх дөрвөн тал дээр нь дөрвөн хүчтэнийг товойлгон сийлсэн бөгөөд чанх орой дээр нь монгол түмний бахархал болсон шонхор шувууг байрлуулжээ.
Тус сургуулийн захирал С.Нэргүйдаваа хэлэхдээ, “Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн энэхүү шүлгийг хүүхдүүд унших ажил өрнүүлсэн анхны тохиолдол нь боллоо. Ирэх жил Архангай аймгийн сургуулиудын 1206 хүүхэд, дараа нь Баян-Өлгий, Баянхонгор аймгийн хүүхдүүд гэхчлэн бүх аймгийн сургуулийн сурагчид уншвал 21 жил, нийслэлийн сургуулийн хүүхдүүд уншвал 100 гаруй жил, Монголын бүх сургуулийн сурагчид уншвал 1000 жил болно. Бид үүнийг бэлгэдэн шилжин явах цом бүтээн, монголчуудын ахин мянга, мянган жил оршин тогтнохын бэлгэдэл болгон 3333 хүүхдээр уншууллаа. Энэхүү шүлгийг хаалттай нийгэмд хүмүүс нууцаар уншдаг байсан. Энэ шүлэгт монголчуудын тусгаар тогтнолд тэмүүлэх мөрөөдөл, хүсэл эрмэлзэл, амьдрал ахуй, соёл, уламжлал, тэмцлийг илэрхийлдэг. Бид тусгаар тогтнол гэхээр их том зүйл ярьдаг. Хүүхдүүдэд хамгийн энгийнээр хэлэхэд өнгөрсөн үеэ дурсаж чаддаг, өнөөдрөөр хөгжиж чаддаг, маргаашийг мөрөөдөж өөдрөгөөр харж чаддаг байхыг тусгаар тогтнол гэдэг. Үүнийг хүүхэд багачуудад ойлгуулахын тулд энэ шүлгийг сонгосон” гэв.
Тус цомыг нийслэлийн төр захиргааны байгууллагад хадгалуулж, үйл ажиллагааг дараагийн жилүүдэд үргэлжлүүлэхийг хүссэн сургуулиудад шилжүүлэх аж.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал