Архангайд химийн хичээлийн анхдугаар олимпиад болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-20 15:38:27
Архангай /МОНЦАМЭ/. Химийн шинжлэх ухааны доктор, МУБИС, МУИС-ийн профессор, байгалийн шинжлэх ухааны академич П.Адъяасүрэнгийн нэрэмжит анхдугаар олимпиад Архангай аймагт боллоо. Олимпиадад 17 сум, аймгийн төвийн 5 сургуулийн 630 гаруй сурагч оролцжээ.
 
Энэхүү олимпиадаар Архангай аймгийн сурагчдын химийн мэдлэгийн түвшинг тогтоон, цаашид хөгжүүлж улсын стандартад хүргэхэд чиглэсэн арга хэмжээ авахад чиглэж байгаа юм. Ингэхийн тулд энэ жилээс эхлэн жил бүр 8, 9, 10, 11, 12-р анги гэсэн 5 төрөл, багийн дүнгээр зохион явуулахаар болжээ.
 
Химийн анхдугаар олимпиадад багийн дүнгээр 1-р байрыг 1-р сургууль, 2-р байрыг Тариат сумын ЕБС, 3-р байрыг 3-р сургууль тус тус эзэлжээ.  Харин 8-р ангиас Чулуут сумын сургуулийн сурагч А.Энхзул, 9-р ангиас 1-р сургуулийн сурагч А.Хоролмаа,  11-р ангиас Өгийнуур сумын сурагч Х.Дашханд, 12-р ангиас 1-р сургуулийн сурагч Б.Цэрэнлхам  нар нэгдүгээр байруудад орсон байна.

Анхны жилдээ зохион байгуулагдаж байгаа ч гэсэн хүүхдүүд маш их идэвхтэй оролцсоныг мөн 12-р ангиас бусад түвшинд хүүхдүүдийг сайн бэлтгэх хэрэгтэй байна гэсэн дүгнэлтийг академич П.Адъяасүрэн багш хэлээд явжээ.

Ирэх жилүүдэд химийн хичээлийг сонирхон судалдаг, олимпиаддаа оролцдог сурагчдын тоо өснө гэж харж байгаагаа зохион байгуулагчид илэрхийлж байлаа. 

Б.Гэрэлт-Од
Related news