Өсвөрийн бөхчүүд Япон орныг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-26 13:11:58

Чөлөөт бөхийн олимпийн 3 удаа, дэлхийн 13 удаагийн аварга, японы домогт бөх Саори Ёшидагийн урилгаар чөлөөт бөхийн “Женко” клубын дасгалжуулагч, ДАШТ-ний мөнгөн медальт Б.Оюунсүрэнгийн удирдсан өсвөрийн 8-15 хүртэлх насны 12 бөх Япон улсыг зорилоо.

Манай өсвөрийн бөхчүүд С.Ёшидагийн “Ichiji Junior” клубт хамтарсан бэлтгэл сургуулилт хийж байгаад Ичижи хотноо энэ оны 11 дүгээр сарын 1-нд эхлэх С.Ёшидагийн нэрэмжит өсвөр үеийн олон улсын уламжлалт тэмцээнд оролцоно. “Ichiji Junior” клубээс манай өсвөрийн бөхчүүдийн байр, хоолны зардлыг бүрэн хариуцаж байна.

Өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын Лас Вегас хотноо болсон ДАШТ-ий үеэр “Женко” клубынын төлөөлөгчид нэрт бөх С.Ёшидатай уулзалт хийхдээ хамтарсан бэлтгэл сургуулилт хийх талаар тохиролцжээ.

Чөлөөт бөхийн спорт өндөр хөгжсөн японы бөхчүүдтэй нутаг дээр нь  хамтарсан бэлтгэл сургуулилт хийж олон улсын тэмцээнд оролцох болсон нь манай өсвөрийн тамирчдын хувьд ур чадвараа дээшлүүлэх, амжилтаа ахиулах, олон улсын түвшинд өрсөлдөх чадварт нь чухал ач холбогдолтой.

Д.Өлзий 

Related news