Хориод жилийн дараа Үндэсний сурын нээлтийн харвааг зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-22 12:55:45
Дундговь/МОНЦАМЭ/ 2017 оны Үндэсний сурын нээлтийн харваа өнгөрөгч амралтын өдөр Мандалговьд болж өндөрлөв. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд үндэсний сурын нээлтийн харваа болоогүй бөгөөд энэ тэмцээнийг харваачид ихэд олзуурхаж, сайшаан хүлээн авчээ.
Үндэсний сур харваачдаа нэгэн дээвэр дор нэгтгэж, орон нутагтаа энэ спортыг хөгжүүлэх зорилгоор өнгөрөгч хоёрдугаар сард Дундговь аймгийн харваачид Үндэсний сурын холбоогоо үүсгэн байгуулсан. Тус холбоо анхны тэмцээнээ өчигдөр ийнхүү зохион байгуулсан юм.
“Үндэсний уламжлалт энэ спортыг орон нутагтаа хөгжүүлж, нутгаасаа төрсөн харваачдын залгамж үеийг бэлдэхэд холбооны зорилго оршиж байгаа. Үүний тулд зөвхөн баяр наадмын талбайд биш өөр бусад хугацаанд ч цэц мэргэнээ сорьдог байх тэр нөхцлийг бүрдүүлэхийн тулд тэмцээн уралдааныг тогтомолжуулах шаардлагатай байгаа” гэж Үндэсний сурын холбооны тэргүүн, аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ тодотгосон юм.
 Үндэсний сурын нээлтийн харваанд  Дундговь аймгаас гадна Улаанбаатар, Говьсүмбэр аймагт ажиллаж амьдарч байгаа 30 гаруй харваач хүрэлцэн ирж, цэц мэргэнээ сорьсон байна. Тэдний  дотор спортын мастер, дэд мастер, аймгийн мэргэн цолтой  хорь шахам харваачид байсан юм. Тэмцээний дүнг тодруулахад, эрэгтэйчүүдээс  харваач Г. Мөнхсайхан, эмэгтэйчүүдээс З. Пэрэнлэймаа нар насанд хүрэгчдийн төрөлд тэргүүн байр эзэлж, харваач Б. Отгонболд, Ж. Дорждулам нар дэд, Ч. Отгонсүрэн, Ө. Хатанболор нар гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна. Өсвөрийн харваачдаас С. Загдсүрэн тэргүүн байр, удаад нь Х. Буянхүү, О. Мөнхсайхан нар тус тус шалгарчээ.
Дундговь аймагт Үндэсний сурын спорт 60 гаруй жилийн түүхтэй. 1954 оны улсын баяр наадмаар Дундговь аймагт үндэсний сурын харвааг Б.Самдан хэмээх хүн анх удаа зохион байгуулж байсан бөгөөд тэрбээр анхны тэмцээнд өөрөө түрүүлж, удаад нь хожим Улсын мэргэн харваач болсон А.Амгаабазар шалгарч байсан гэдэг. Эндээс Дундговь аймгийн үндэсний сурын спортын түүхийн хуудас эргэдэг. Өдгөө Дундговь аймгаас төрсөн 120 гаруй харваач бий бөгөөд тэдний дундаас нийслэлийн Цагдаагийн газрын алба хаагч Т. Мөнхсоёл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гоц мэргэн” цолыг хэдхэн хоногийн өмнө гардан авсан. Энэ бол Дундговь аймгийн Үндэсний сурын спортын түүхэнд анхдагч болж үлдэж байгаа юм.
 
Т. Отгонтуяа 
 
 
Related news