Дундговь аймгийн 29 мянга 800 гаруй сонгогч нэрсийн жагсаалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-22 14:37:57
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх сонгогчийн нэрсийн жагсаалтад Дундговь  аймгийн 29 мянга 874 иргэний нэрс байна. Одоогоор эрхзүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаадад зорчиж байгаа, зэвсэгт  хүчний анги нэгтгэлд алба хааж байгаа иргэдийн мэдээллийг нэгтгэж байгаа бөгөөд санал авах өдрөөс 25- аас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрсийн жагсаалтыг аймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ гэж Улсын бүртгэлийн газраас мэдээлсэн юм.
Аймгийн сонгуулийн хороо санал авах өдрөөс 20- иос доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал авах байранд хүргүүлнэ. Сонгогчид нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14- өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байх ёстой бөгөөд хэрвээ өөр аймаг, хотод шилжиж санал өгөх бол энэ тухай хүсэлтээ харъяалах санал авах байранд бичгээр гаргана. Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 14 хоногийн өмнө зогсоох юм.
Сонгогчид www.burtgel.mn сайтаас сонгогчийн нэрсийн жагсаалтад өөрийн нэр байгаа эсэхийг шалгахыг Улсын бүртгэлийн газраас зөвлөж байна.
 
Т. Отгонтуяа  
Related news