Баялаг бүтээгчид чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 10:08:36

Ховд аймгийн баялаг бүтээгчдийн анхдугаар чуулган 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын их танхимд боллоо.

Баялаг бүтээгчдийн анхдугаар чуулганд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан оролцож, нийт баялаг бүтээгчдэд амжилт хүсэн, мэндчилгээ дэвшүүлж, аймгийн нийгэм, эдийн засаг, бүтээн байгуулалт, цаг үеийн байдлын талаар мэдээлэл өглөө. Мөн Аж үйлдвэрийн яамны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн н.Батболд, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Удвалцэцэг, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ч.Уранчимэг, Ховд аймгийн салбар зөвлөлийн дарга С.Нямгэрэл болон холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд, манай аймгийн баялаг бүтээгчид оролцлоо.
Чуулганы үеэр иргэд аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа болж сумдын төлөөллөөс өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалах үйл ажиллагаа боллоо.

"Масс” агентлаг 2014 оноос “Баялаг бүтээгчдээ дэмжинэ” төсөл хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж 21 аймгийн 280 гаруй баялаг бүтээгчдийг танилцуулсан байна. Энэ хугацаандаа 600 гаруй гишүүд дэмжигчдээс бүрдсэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулжээ. Энэ хүрээнд аймаг бүрийн баялаг бүтээгчдийн анхдугаар чуулганыг зохион байгуулж байгаа юм.

Төслийн хүрээнд Монгол Улсын 21 аймгаар тойрон ажиллахдаа аймаг, сумдад өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүн, ховор нандин зүйл байдгийг онцлох зорилготой төсөл юм гэдгийг зохион байгуулагчдын зүгээс уламжилж байлаа.
Тус агентлагаас баялаг бүтээгчдийн эрхэлж байгаа ажил, явуулж байгаа үйлдвэрлэл, шинэ санаа, шилдэг технологийг олон нийтэд ETV, MASS телевиз, FM радио, mass.mn сайт, Facebook хуудсанд Mass official пэйж зэрэг сошиал мэдээллийн өргөн сүлжээгээр сурталчлан хүргэж байна.

А.Бямбасүрэн

 

Related news