Qatar Petroleum: Хориг арга хэмжээ Катарын нефтийн салбарт нөлөөлөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-06-21 09:06:52
МОСКВА./TASS/. Хөрш орнуудын зүгээс Катарын эсрэг авсан хориг арга хэмжээ нь тус улсын газрын тосны салбарт нөлөөлөхгүй гэж Катарын төрийн мэдлийн Qatar Petroleum корпорацийн ерөнхий захирал Саа Шерида аль-Кааби мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ “Катар улс ямар ч хямралд бэлэн байна. Эдийн засгийн бүслэлтийн нөхцөлд бид хэчнээн ч удаан хугацаагаар ажиллаж чадна. Хориг арга хэмжээ нь газрын тос болон байгалийн хий олборлох салбаруудад огтхон ч нөлөөлөхгүй” гэжээ. Хямрал эхэлсэн эхний өдрүүдэд компаниудын захирлуудтай уулзаж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, нөхцөл байдалд үнэлгээ өгөх комисс байгуулсан гэдгээ аль-Кааби дурдлаа.

Болж буй үйл явдлаас үл хамааран Катар улс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Үүний сацуу “Катарын газрын тосны салбарт оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2016 оны эцсийн байдлаар 68 тэрбум долларт хүрсэн” гэдгийг Qatar Petroleum корпорацийн ерөнхий захирал дурдлаа.

Qatar Petroleum нь 1974 онд байгуулагдсан бөгөөд компанийн ерөнхийлөгч нь Катарын Эрчим хүч, аж үйлдвэрийн сайд Мухаммед бен Салех ас-Сада юм.
Х.Сарнай 
Related news