О.Саранчулуун "Нью-Йорк-2015" марафонд амжилтаа 27 минутаар ахиулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-03 16:45:19

АНУ-ын Нью-Йорк хотноо 11 дүгээр сарын 1-ний өдөр болсон 42 км зам туулах марафонд хиймэл хөлтэй О.Саранчулуун 7 цаг 48 минут туулж, өнгөрсөн жилийн амжилтаа 27 минутаар ахиулсан байна.

Мөн Б.Батзориг 4 цаг 03 минут, Б.Ванданпүрэв 3 цаг 13 минутад замаа дуусгажээ. П.Энхманлай гараанаасаа эхлээд тун сайн явж байсан ч замын нарийссан хэсэгт олон тамирчин зэрэгцэн тэргэнцэрийг нь мөргөснөөс осолдож, замаа дуусгаж чадаагүй байна.

Энэ жилийн Нью-Йорк хотын марафонд 50 мянган хүн оролцсон бол Монголоос дөрвөн тамирчин хөтөчийн хамт гүйсэн юм. Тэднийг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд тэргүүтэй монголчууд ирж дэмжжээ.

Энэ удаад визний асуудлаас болоод хамт явж чадаагүй Ахиллисийн гишүүн Х.Равдандорж марафонд оролцож байгаа тамирчдаа дэмжиж, Улаанбаатар хотод ганцаараа 42 км замыг 3 цаг 22 минутад туулжээ.

Монголын багийн бүрэлдэхүүнийг АШУҮИС-ийн зан үйл, нийтийн эрүүл мэндийн тэнхимийн багш, “Ахиллис Монгол” байгууллагын тэргүүн О.Саранчулуун ахалж явсан байна.

Д.Өлзий

Related news