Хонь доголох шинж тэмдэг 11 өрхийн малд илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-08-07 16:59:07
Дундговь /МОНЦАМЭ/. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомт үүсч, хорио цээрийн дэглэм Гурвансайхан суманд тогтоосонтой зэрэгцэн зарим сумын нутагт хонь доголох шинж тэмдэг олноор илэрч байгааг аймгийн ХХАА-н газрын Мал эмнэлгийн хэлтэс мэдээлж байна.

Одоогоор Сайнцагаан, Өлзийт, Луус, Хулд сумын 11 өрхийн малаас авсан 32 дээжийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторт явуулжээ. Шүлхий өвчний үед илрэх нэг шинж тэмдэг нь малын хөл доголох юм. Үүнээс гадна ийм шинж тэмдэгтэй сохор, догол зэрэг өөр өвчин байдаг тул дээрх шинж тэмдэг илэрч буй хониноос дээж авч, шүлхий өвчнийх мөн эсэхийг тогтоолгох зайлшгүй шаардлага үүссэн гэж Мал эмнэлгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Гэрэл хэллээ.

Шинжилгээний хариу өнөөдрийн байдлаар хараахан гараагүй байна.
 
Т. Отгонтуяа
Related news