Хийгээгүй хэргийнхээ төлөө 38 жил шоронд суужээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-12 11:02:46
ВАШИНГТОН. /ВВС/. Фредерик Клай хэмээх эр хийгээгүй хэргийнхээ төлөө 38 жил шоронд суусны эцэст саяхан суллагджээ.

Тэрбээр ердөө л өнгөт арьст байсныхаа төлөө 
хүн амины хэрэгт сэжиглэгдэж, торны цаана суусан байна.
Шоронд орох үедээ тэрбээр 16 настай байсан аж. Гэрчүүд буруу мэдүүлэг өгч, шүүх буруу шийдвэр гаргаснаар тэрбээр хар залуу насаа шоронд өнгөрүүлжээ.
 

Жеффрей Бояажин гэдэг хүнийг жолооны ард сууж байхад нь өнгөт арьст хүн таван удаа буудаж хөнөөжээ. Хэрэг болсон газарт Ф.Клай бас байж таарсан бөгөөд түүнийг "алуурчин" гэж хоёр ч гэрч мэдүүлэг өгсөн аж. Хэдийгээр Ф.Клай өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн ч шүүх итгээгүй бөгөөд хэрэг болсноос хойш хоёр жилийн дараа буюу 1981 онд түүнд бүх насаар нь хорих ял оноож байжээ.
Харин түүнийг суллахыг хохирогчийн дүү нь зөвшөөрсөн байна.
Клай шинэ амьдралдаа дасахын тулд АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг хөтөлбөрт хамрагдаж, удалгүй ажилд орохоор төлөвлөж байгаа гэнэ.

Г.Доржханд

Related news