Ши Жиньпиний удирдлага дор Өвөр Монголд бүтээн байгуулалт өрнөж, ядуурал буурч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-12 11:03:23
ХӨХХОТ. /ChinaDaily/. Гуо Юнцай бол ойн аж ахуйд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, Өвөр Монголын ӨЗО-ны Хянган аймгийн Аршаант суурингийн оршин суугч. Урцанд амьдарч байсан түүнийг орон нутгийн захиргаанаас шахалт үзүүлснээр шинэ байранд шилжин амьдрах болжээ. Орон нутгийн захиргаанаас суурин газруудад сэргээн босгох ажлыг эхлүүлсэн нь энэ.



Өдгөө 77 настай Гуо Юнцай шинэ байр руугаа нүүхийн өмнө орон нутгийн ойн аж ахуйн товчоонд 30 гаруй жил ажиллаад тэтгэвэрт гарчээ. Хятад улсын дарга Ши Жиньпин Өвөр Монголын ӨЗО-ны нөхцөл байдалтай 2014 оны нэгдүгээр сард буюу өвлийн ид хүйтэн улиралд танилцсан юм. Тэр үед Гуогийн амьдарч байсан 38 м.кв урцанд зочилжээ. Үүний дараа орон нутгийн захиргаанд иргэдийн амьжиргааг сайжруулахад гол анхаарлаа хандуулахыг тэрбээр үүрэг болгосон аж. Тэрбээр “Нэг өрх, нэг хүний амьжиргааг бүрэн шийдтэл бид зүгээр сууж болохгүй” гэж онцлон хэлж байжээ.

БНХАУ-ын дарга дээрх айлчлалын хүрээнд Шилийн гол аймгийн адуучны гэрээр мөн  ороод гарчээ. Малчин айлын эзэн цахилгаан, зам тээврийн асуудал хүнд байдаг талаар хуучилсан аж. Үүний дараа Ши Жиньпин орон нутгийн засаг захиргаанд уг асуудлыг шийдэхийг үүрэгдэж байжээ.

Ши даргы зааврын дагуу овоохой урцнуудын оронд орон сууц барьж, ядуурлыг бууруулах, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах талаар арга хэмжээ авах болсон байна. Орон нутгийн засаг захиргааны мэдээлснээр сүүлийн таван жилийн хугацаанд Өвөр Монголд 1.78 сая хүн ядуусын эгнээнээс хасагдсан төдийгүй жилийн цэвэр орлого нь 15 хувиар өссөн гэжээ.

Өвөр Монголын ӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. 25 сая хүн амтай Хятадын хойд нутаг болох Өвөр Монголд үндэстний цөөнх монгол, манж, хуй, эвэки, солонгос зэрэг үндэстнүүд  амьдардаг.

Өнгөрсөн жил, Өвөр Монголын ҮНБ 275 тэрбум ам.доллароор хэмжигдсэн нь өнгөрсөн оныхоос 7.2 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. 

Ши Жиньпин дарга Өвөр Монголд айлчлахдаа байгаль орчныг хамгаалах, эко системийг хөгжүүлэх асуудлыг мөн хөнджээ.

Тэрбээр "Бид Хятадыг хөгжүүлэхийн тулд барилга байгууламжийг барихад хөрөнгө оруулж, байгалийн хууль болон улс орны нөхцөл байдлыг харгалзан ногоон зам барих судалгаа явуулна” гэж байв.



Нүүрсний асар их нөөц, ордтой тус бүс нутагт сүүлийн хэдэн арван жил нүүрс олборлолтын улмаас байгаль экологи ихээхэн сүйджээ. Экологийн тэнцвэрийг хадгалж үлдэхийн тулд цуврал арга хэмжээ авч, байгаль орчноо хамгаалахыг Ши дарга орон нутгийн засаг захиргаанд үүрэг болгож байжээ.

Тухайлбал, Шилийн голын аймгийн засаг захиргаа 2015 онд газар нутгийнхаа 75 хувьд олборлолт хийхийг хориглосон аж. Сүүлийн хоёр жилд олборлолт хийх 24 том төслөөс түдгэлзсэн нь байгаль орчноо хамгаалах ажлын хүрээнд авсан арга хэмжээ гэж албаны хүмүүс тайлбарлаж байна.

Нутгийн удирдлагууд экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор 37 хууль тогтоомж гарган, мөрдөж эхэлжээ. Үүнд бэлчээрийн газар, нуур, цөөрөм, ойг хамгаалахад чиглэсэн цогц арга хэмжээ багтсан аж.
Ши даргын өгсөн үүргийн дагуу тус бүс нутагт нүүрсний уурхайн тоог бууруулжээ. Өнгөрсөн онд шинэ эрчим хүчийг нэвтрүүлснээр цахилгааны асуудлыг шийдсэн. Мөн тус бүс нутагт жижиг дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлснээр шинээр ажлын байр бий болгож, иргэдийн 90 хувь нь ажилтай болжээ.

Ши дарга мөн тус бүс нутгийн үндэсний цөөнхөд анхаарлаа хандуулж, амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээ авахаа мэдэгдэж байв. 2016 оны тавдугаар сард тэрбээр Хармөрөн мужийн Хөжө тосгоноор зочилсон аж. Тэрбээр Хятад улсыг хөгжин цэцэглүүлэхэд хэнийг ч хөгжлөөс гадуур орхиж болохгүйг онцолж байв.

Хөжө суурин 5000 хүнтэй, үндэстний цөөнх олноороо амьдардаг. Ши дарга өнгөрсөн гуравдугаар сард болсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын чуулганы үеэр үг хэлэхдээ "Шинжаан-Уйгурын ӨЗО-нд тогтвортой байдлыг хангаж,  нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах"-ыг үүрэг болгож байлаа.

Хятад улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн ярьснаар, сүүлийн 70 жилийн хугацаанд Өвөр Монголд мэдэгдэхүйц ахиц гарч, ядуурлыг бууруулж чадсан бөгөөд тус орон өдрөөс өдөрт хөгжиж цэцэглэсээр байна.


 Ши даргын удирдлага дор Өвөр Монгол хөгжин цэцэглэж байгааг онцолж, тус бүс нутаг нь “Бүс, ба Зам” санаачилгад чухал үүрэгтэй болохыг сайд Ван И цохон тэмдэглэж байв.

Өвөр Монгол газар зүйн хувьд ОХУ, Монгол улстай  хиллэдэг, 18 боомттой. ОХУ, Монгол улстай нийт 4200 км урт газар нутгаар хиллэдэг юм.

Өвөр Монголд шинэлэлт хийн, боомт хотуудын эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлснээр ОХУ, Монгол улстай хамтын ажиллагааг улам сайжруулна гэж Хятадын холбогдох албаны хүмүүс үзэж буй ажээ.
 
Related news