Пхеньян: Хэрвээ Вашингтон эзлэн түрэмгийлэхийг оролдвол АНУ-ыг бүхэлд нь "усан дор" булшилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-28 16:02:38
СӨҮЛ. /Yonhap/. Хэрвээ манай улсыг америкчууд эзлэн түрэмгийлэхийг оролдвол бид АНУ-ыг “усан дор булшлах” болно гэж заналхийлсэн агуулга бүхий нийтлэл Умард Солонгосын эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын албан ёсны хэвлэл болох “Rodong Sinmun” сонины өнөөдрийн дугаарт гарчээ.

Өнөөдөр Умард Солонгосын тэнгисийн цэргийн хүчин байгуулагдсаны  68 жилийн ой тохиож байна.

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Умард Солонгосын Тэнгисийн цэргийн хүчнийхэн шумбагч хөлөг онгоцноос баллистик пуужин харвасныг “Rodong Sinmun” дурсан “БНАСАУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийхнийг зөвхөн ялалт, суу алдар хүлээж байна” гэсэн гарчигтай нийтлэл гаргажээ.

Өнгөрсөн онд шумбагч хөлөг онгоцноос баллистик пуужин харвасны дараа Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун “Бид хүссэн үедээ хэзээ ч Өмнөд Солонгос болон АНУ-ын ар нуруунд хутга шаах чадалтай боллоо” гэж хэлж байсныг уг нийтлэлд оруулсан байна.

Мөн уг нийтлэлд “Хэрвээ америкчууд манай улсын нутаг дэвсгэрт дайн түрэмгийллийн үүлийг авчирвал манай мятрашгүй тэнгисийн цэргийн хүчнийхэн АНУ-ыг бүхэлд нь усан дор булшлах болно” гэжээ.
Г.Доржханд
Related news