"Эмнести Интернэшнл" Мьянмарыг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-10 07:32:15
ЛОНДОН. /Reuters/. Бангладештай залгаа хилийн дагуу мина тавьж байна гэж Мьянмар улсыг хүний эрхийн төлөө тэмцэгч олон улсын байгууллага зэмлэн буруушаалаа.

Лондон хотод төвтэй “Эмнести Интернэшнл” ТББ гэрчүүдээс авсан ярилцлага болон зэвсгийн мэргэжилтнүүдийн хийсэн дүн шинжилгээнд үндэслэн Мьянмарыг буруушаасан агуулга бүхий мэдэгдлийг бямба гарагт гаргасан байна.

Мьянмарын баруун нутгийн Ракхайн мужид болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачууд хөрш Бангладеш улс руу олноороо дүрвэсээр байгаа юм. Өнгөрсөн сарын 25-нд рохинжа босогчид цагдаагийн шалган нэвтрүүлэх цэг рүү халдсанаар талуудын хооронд мөргөлдөөн дэгдсэн билээ.

“Эмнести Интернэшнл”-ийн мэдэгдэлд “Мьянмарын армийнхан олон улсын хэмжээнд энгийн номхон иргэдийн эсрэг ашиглахыг хориглосон тэсрэх бөмбөгийг хилийн дагуу тавьж байна.Мина дэлбэрсний улмаас гурван хүн, тэдний дотор хоёр хүүхэд шархдаж, нэг хүн амиа алдаад байна” гэжээ.

Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн хилийн дагуу мина тавьж байгааг иргэд харсан аж.

Харин Мьянмарын Засгийн газар минатай холбоотой мэдээллийг эрс үгүйсгэн няцааж байна.
Г.Доржханд
Related news