Өсвөрийн циркчдийн их наадам Мандалговьд товлогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-14 09:31:00
Дундговь /МОНЦАМЭ/. Өсвөрийн циркчдийн 3- р их наадам Мандалговь хотод болох гэж байна. Энэ наадмыг МУГЖ, нэрт алиалагч Д. Батсүхийн нэрэмжит болгож, түүний төрөлх нутагт ийнхүү товложээ.

Монгол Улсад мэргэжлийн циркчдийн авъяас  чадварыг хөгжүүлэх, циркийн урлагийн бүх төрөлд авъяаслаг хамтлаг, жүжигчдийг тодруулах нь энэ наадмын гол зорилго болдог байна. Нөгөө талаар циркийн хамтлаг, дугуйлангуудын хооронд харилцан туршлага солилцох, өсвөрийн циркчдийг хөгжүүлэхэд тэдний ар гэр, ойр дотнын хүмүүсийн нөлөөг дэмжихийг зорьдог ажээ.

Дундговь аймгийн хувьд, “Мандалговь цирк” хэмээх өсвөрийн циркчдийн дугуйлантай болсон. Тус дугуйланг МУСТА Д. Мөнхбаатар санаачлан “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дэргэд жил хагасын өмнөөс хичээллүүлж байгаа бөгөөд дугуйлангийн сурагчид Дундговь аймагт бэлтгэгдэж байгаа анхны циркчид болох юм. Тэд өнгөрсөн жил өсвөрийн циркчдийн 2- р наадамд амжилттай оролцож, А. Эрхэмбаяр, Г. Дамдинбазар нар устай аяга, кольцот жонглёрын төрлөөр тусгай байрын шагнал хүртэж ирсэн нь өсвөрийн циркчдийн анхны амжилт болсон билээ.

Орон нутагтаа циркийн урлагийг хөгжүүлэхээр шамдан ажиллаж байгаагийн хувьд “Мандалговь цирк” дугуйлан, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын хамт олон Өсвөрийн циркчдийн их наадмыг өөрийн орон нутагт зохион байгуулахыг хүсчээ. Ингэхдээ Монголын циркийн урлагт хөдөлмөр бүтээлээ зориулж явсан авъяаслаг жүжигчин Д. Батсүх агсны нэрэмжит болгосон байна. Тэрээр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул юм.

Өсвөрийн циркчдийн 3- р их наадам ирэх сарын 12- 15- ны өдөр Мандалговь хотод болно. Циркийн урлагт авъяас чадвараа нээн хөгжүүлж яваа 6- 18 насны хүүхдүүд, тэдний хамтлаг, дугуйлангууд энэ наадамд оролцох бөгөөд наадмыг Дундговь аймгийн ЗДТГ, Монголын циркчдийн холбоо хамтран зохион байгуулна.
 
Т. Отгонтуяа
Related news