Хүүхдүүд томчуудад тусалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЕрөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид төрийн болон төрийн бус байгуулага, хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тусладаг болж байна.
Зуунмод сумын ИТХ-ын ажлын алба, АНУ-Энхтайвны корпусын Төв аймаг дахь гишүүдтэй хамтран хэрэгжүүлж буй уг ажил Хүмүүн цогцолбор сургуулийн 20 сурагч сумын Иргэдийн хурал, Засаг даргын тамгын газар, Цагдаа, Нийгмийн халамж үйлчилгээ, зэрэг арваад байгууллагын үйл ажиллагаанд гурван сарын турш туслах болсноор эхэлсэн юм. Сумын ИТХ-ын дарга Д.Бэрцэцэг нийгмийн амьдралд оролцож, томчуудтай хамтран ажиллахаар шийдсэн хүүхдүүдэд баяр хүргээд ажил хөдөлмөр сурах, ирээдүйн мэргэжлээ сонгоход бодитой нөлөө үзүүлэхийг онцоллоо. Мэдээж сурагчдын хичээл, сургуулийг цалгардуулахгүйн тулд шаардлагатай тохиолдолд хүүхдүүдтэй хамтран ажиллах ба дан ганц хүүхэд гэлтгүй иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг ч хамруулах юм байна. Иймд сумын ИТХ-ын ажлын алба аж нэгж, байгууллагууд өсвөр үеийнхэнтэй хамтран ажиллаж, тусалж дэмжихийг уриалсан юм.
Ш.Шүрэнцэцэг