Архангайд өнөөдөр 300 гаруй багш ажилчид ажил хаяв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-13 17:33:27
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 33 сургууль, 36 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар Эрдэнэбулган сумын нэг, гуравдугаар сургууль, Өндөр-Улаан, Тариат, Чулуут сумын сургууль гээд нийт таван сургуулийн 300 гаруй багш ажилчид ажил хаялтад оролцсон байна. Бусад сургууль, цэцэрлэг нь сурагчдын амралт таарч хурлаа хийж чадаагүйгээс Хөдөлмөрийн хуулийн дагуу ажил олгогчдоо таван өдрийн өмнө мэдэгдэл өгч амжаагүй байна.

Энэ удаад багш нар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс цалингаа 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх хөрөнгийг 2018 оны улсын төсөвт тусгах, цаашид үе шаттай нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Багш нар Засгийн газарт тавьсан шаардлагыг нь хүлээж авч, нааштай хандсан тохиолдолд ажил хаялтаа зогсоох гэнэ. 

Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Л.Энхтайван: “Монголын БСШУ-ы ҮЭХ-ны ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмж удирдамжийн дагуу ажиллаж байна. Бид ажил хаялтанд оролцож байгаа, оролцохоор хурлаа хийж байгаа гишүүддээ хууль эрхзүйн дэмжлэг үзүүлж, эрх нь зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар зургаан цэцэрлэг ажил хаялтыг дэмжихгүй, нэг цэцэрлэг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна. Сургуулиудын тухайд хурлаа хийж амжаагүй байна” гэлээ.

Б.Гэрэлт-Од
Related news