Зургаан сумын найман дурсгалыг улс, аймгийн хамгаалалтад авах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 15:50:48

Түүх, соёлын үл хөдлөх дурсгал 4600 гаруйг бүртгэжээ

2015 оны 5-10 сар хүртэл үргэлжилсэн “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал”-ын үзлэг, тооллогын дүнд 399 дурсгалт газраас 4695 ширхэг дурсгал тоолж, бүртгэжээ.

Хадны зураг, бичгийн 183, булш, оршуулгын 2909, тахил, тайлгын байгууламж 1402, барилга, архитектурын 106, хөшөө дурсгал 94 ширхэг байна. Тооллогын дүнд 20 сумаас 670 гаруй дурсгал шинээр бүртгэж, 20 сумын 49 ширхэг дурсгалыг  ухаж, тонож, эвдэж сүйтгэсэнийг тогтоожээ. Иймд улс, аймаг болон хамгаалалтын бүс тогтоох шаардлагатай дурсгалыг нэрлэж, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, холбогдох яаманд уламжлахаар шийдвэрлэсэн байна.

Зургаан сумын найман дурсгалыг улс, аймгаар хамгаалуулах саналтай байна

Таван сарын турш 27 сумын үл хөдлөх дурсгалыг бүртгэж, тоолсон ажлын хэсэг зургаан сумын найман дурсгалыг улс, аймгийн хамгаалалтанд багтаах саналтай байна.

Аймгийн хамгаалалтанд Төв аймгийн Жаргалант сумын “Нарийн ам” дах хүннүгийн дурсгал, Сэргэлэн сумын “Хүрэн хүнтийн” толгойгүй, хүн чулуун хөшөө, Мөнгөнморьт сумын “Ухаа толгойн хонхор”, “Мухар гутайн адаг” дахь буган чулуун хөшөө, Жаргалант сумын “Дэлгэр булаг” дахь Өндөр гэгээн Занабазар бүтээсэн бурхантай хөшөө  зэргийг багтаасан бол, улсын хамгаалалтанд Алтанбулаг сум дахь Уртын амны хөшөө, Заамар сумын “Шороон хэрэм”-ийг хамгаалалтанд авч, авран хамгаалахыг санал болгожээ.

Дөрвөн сумын дурсгалт газар эвдэрч сүйтэхэд хүрчээ

Эрдэнэ, Өндөрширээт, Баянчандмань, Борнуур зэрэг сумын 83 ширхэг дурсгал дэд бүтэц, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд өртөж, анхны байдлаа алдахад хүрээд байна.Тухайлбал: Эрдэнэ сумын “Өвөржанчивлан” рашаан сувиллын баруун талд 108 га дотор байрлах, хиргисүүр цагаан тугалганы хайгуулын малтлагад, Баянчандмань сумын “Асралт хайрхан”, Өндөрширээт сумын “Сэтэрхий дэнж”-ийн тахилын онгон, хөшөө чулуун дурсгал орчмоор Мянганы зам дайрч өнгөрөх, Борнуур сумын “Тамхины дөрөв” хэмээх газар газар тариалангийн үйлдвэрлэлд тус тус өртөж болзошгүй байна.

Иймд дээрх дүн мэдээг аймгийн засаг даргын 2015 оны 5 сарын 06-ны 194 дүгээр захирамжаар байгуулсан “Түүх соёлын үл хөдлөх дурсгал тоолох”  ажлын хэсэг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулж, цаашид ямар арга хэмжээ авахаа төлөвлөж байна.

Гурван сумын дурсгалыг нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай гэж үзэв

Төв аймгийн Засаг даргын 194 дүгээр захирамжаар байгуулсан музейн захирал Б.Даваасүрэн ахлагчтай “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллого” зохион байгуулсан ажлын хэсэг улс, аймаг, нийслэлийн хамгаалалтанд нэн даруй оруулах шаардлагатай дурсгалуудыг санал болгов.

Ажлын хэсгийн дүгнэлтээр Алтанбулаг, Баянцагаан,Баянцогт суманд байрлах Түрэгийн үеийн хүн чулуунуудын хөл, гар, толгой тасарч алга болсон, ухаж, тоносон,ан цав гарч цуурсан байдалтай буйг тогтоосон байна. Тухайлбал:Төв аймгийн Баянцогт сумын “Зараагийн дэнж” хэмээх газарт завилж, суусан хөл, толгойгүй  хүн чулуун хөшөө байсныг иргэн С.Чулуунбат олж, шавраар толгой хийж,тээрмийн чулуугаар суурь хийж, хашаажуулан улмаар “Өөлдийн ухаа” гэх газар авчирч урд зүг рүү хандуулан байршуулсан аж. Энэ мэт улс, аймгийн харъяа 20 гаруй дурсгалын гурвыг нь нэн яаралтай сэргээн засварлаж, авран хамгаалах шаардлагатай байна. 

Ш.Шүрэнцэцэг

Related news